Цаг үеийн мэдээ

Японы Осакагийн их сургуулийн профессор Кацухико Хаяши эр хулганы эсээс өндгөн эс гаргаж авсан байна. Тэрээр уг судалгааны ажлаа Их Британийн нийслэл Лондоны Крик хүрээлэнд болсон хүний генийн өөрчлөлтийн тухай дээд хэмжээний уулзалтад танилцуулжээ.

Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээр хүний генийн судалгааны салбарт нэр хүндтэй профессор Хаяшигийн судалгаа амжилттай болбол ирээдүйд эрэгтэй болон эмэгтэй ижил хүйстэн хос дундаасаа хүүхэдтэй болох боломжтой юм. Харвардын Анагаах ухааны сургуулийн профессор Жорж Дэйли судалгаанд оролцоогүй ч Хаяшигийн ажлыг үнэхээр гайхалтай ажил хэмээн үнэлжээ. Гэсэн хэдий ч хүний генийг хувиргах хулганыхаас хэцүү гэдгийг онцолсон байна. 

Эхний шатандаа явагдаж байгаа уг судалгаагаар Кацухико Хаяши эрэгтэй XY бэлгийн хромосомын Y хромосомыг устгаж, эмэгтэй XX хромосом болгон хувиргажээ. Түүний хэлснээр хувиргасан өндгөн эс одоогоор маш сул байгаа бөгөөд хүний ген дээр аюулгүй ашиглах гарц, технологи олоогүй байгаа гэжээ. 

Мөн судалгааг илүү амжилттай хэрэгжүүлэхэд багадаа арван жилийн хугацаа шаардагдана гэдгийг Хаяши хэлжээ. “Хэрэв нийгэм үүнийг хүлээж авч, ижил хүйстэн хосууд өөрсдөө хүсвэл уг технологийг ашиглаж болно, би үүний төлөө ажиллах болно” гэжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа