Цаг үеийн мэдээ

Тайландын хааны хувцсан дээр резинэн нугас дүрсэлсэн зурагтай хуанли борлуулсан эрэгтэйг хааны нэр хүндэд халдсан хэрэгт буруутган хоёр жилийн хорих ял оноожээ. Прокурорууд 26 настай Нараторн Чотманконсиныг хааныг доромжлон гутаасан хэргээр гурван жилийн ял эхэндээ төлөвлөөд байсан ч шүүгчид ял шийтгэлийн хугацааг нэг жилээр бууруулсан байна.

Тус улсад 2020 он гарснаас хойш хааны нэр хүндэд халдсан зүйл ангиар 200 орчим хүнийг буруутган баривчилжээ. Резинэн нугас нь Тайландад ардчиллыг дэмжигч жагсагчдын бэлгэ тэмдэг юм. Хаант засаглалыг шинэчилж, ардчилалд шилжихийг уриалсан жагсагчид шар нугасыг өргөн ашигладаг байна. 

Human Rights Watch хүний эрхийн байгууллага Тайландад хааны нэр төрд халдсан хэргээр зуу зуун хүнийг баривчлан яллаж байгаа нь хүний эрхийг дээдэлсэн ардчиллаас улам бүр холдож байгаа гэдгээ дэлхий дахинд харуулсан явдал хэмээн шүүмжилжээ. Хааны нэр төрийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх нэрээр улс төрийн тэрсүүд үзэлтнүүдийг нам жим болгон дарж байгаад хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Тайландад 2020 оны долдугаар сард эхэлж, 2021 он хүртэл үргэлжилсэн залуусын эсэргүүцлийн жагсаал консерватив эрх баригчид, хааны удмынхныг цочирдуулсан гэж үздэг. Анх удаа нийгмийн залуу үе хаант засаглалыг шинэчлэхийг шаардан жагссан юм.  

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа