Цаг үеийн мэдээ

ХНХЯ-ын сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг сэлгэн томилжээ. Харин Боомт хариуцсан сайдаар Б.Тулгыг томилжээ. 

Энэ талаар МАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа: "Монгол ардын намын удирдах зөвлөлөөс өнөөдөр  таван асуудлыг хэлэлцлээ. 2022 оны үйл ажиллагааны тайлангаа Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө мөн 30 дугаар их хурлаас хойш намын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг болон Сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Т.Аюурсайхан сайдыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн. Хуулийнхаа дагуу 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилж, шийдвэрлэх ёстой байдаг. ХНХ-ын салбарыг өөрийнх нь хүрээг нь удирдах зөвлөлөөр хэлэлцсэн. Ингэхдээ нийгмийн даатгалын багц хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн тухай хууль зэрэг маш олон чухал асуудлууд байгаа учраас УИХ-ын гишүүн бодлогын хувьд энэ салбарыг хариуцаж, ахлах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Боомтын сайдаар ажиллаж байгаа Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Боомтын сайдын орон тоо чөлөөлөгдөж байгаа учраас МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг томилох улс төрийн шийдвэр гарлаа" гэв.

Шинэ сайд нар өнөөдөр 17.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орно.

Таны сурталчилгаа