XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.
Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Дэлхийн Мянганы суут хүмүүн, хаадын хаан Их эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон Алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг Их хааны өргөөнд дээдлэн залах ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэнд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
“Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын тэргүүн өдрийн наран мандах энэ мөчид хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны алтан биеийг бүтээж, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөг ийнхүү ёслол төгөлдөр нээх түүхэн үйл хэрэг тохиож байна.
Мөнх тэнгэр монголчууд бидэнд агуу их суу билигт, хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан билээ.
Эзэн Богд Чингис хаан бол Монголын түүхэнд төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан юм.
Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г үүтгэн тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, өрнө дорныг холбож, худалдаа арилжаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж, өнөөгийн дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан билээ.
Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.
Их хаан шиг өнгөрснөө мэдэж, өөрийгөө мэдүүлж, ирээдүйгээ мэдэрдэг Эзэн хаан хүмүүний түүхэнд цөөхөн мэндэлсэн.
Монголчууд бид монгол үндэстний оршин тогтнохуйн баталгаа, оюун санааны эх ундарга болсон ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.
Тиймээс бид хүн төрөлхтний суут хүмүүн, хүчирхэг их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай.
Өнөөдрийн энэхүү өлзий бэлгэт сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс ХХ зууны эхэн үе хүртэлх Монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан Их өргөөний магнайд Эзэн Богд Чингис хаан таны орд өргөөг бэлгэдсэн Их хааны өргөөг байгуулан, өнө мөнхөд бахархан хүндлэх Алтан хөшөөг тань их амар амгаланг бэлгэдсэн Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байгааг Их хаан Та соёрхон таална уу.
Эзэн Богд Чингис хааны энэхүү алтан хөшөөг монгол урчуудын ур ухаанаар урлагийн өлгий нутаг Италийн Флоренц хотноо монгол алтаар урлан бүтээж, монгол түмний хүндлэл ёслолын их баяр сар шинийн бэлгэт сайн энэ өдөр Их хаан таныг өндөр сэнтийд тань залж, өргөл цацлаар тайх их хувь заяа өргөн олон монголчууд бидэнд тохиож байна.
Эзэн Богд Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Эзэн Богд Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.