Сар шинийн барилдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагарэл үзүүрлэсэн. Барилдааны дараа бай шагнал гаргах үеэр улсын аварга О.Хангай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарт түрийнээсээ түрүү бөхийн хишиг хүртээж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тухайн асуудлаар Улсын аварна О.Хангай өөрийн цахим хуудастаа тайлбарлажээ.
О.Хангай: 2024 оны сар шинийн барилдаанд түрүүлээд гэр бүлийнхэндээ өгөхөөр хэдэн боорцог аваад, хийх газар олдохгүй болохоор нь гутлынхаа түрүүнд хийчихлээ. Тэгээд шагналаа авахаар индэр өөд гарав.
Занданшатар дарга: Надад баяр хүргээд боорцог байна уу? гэж асуулаа.
Би: Байх нь байна аа. Гэхдээ би гутлын түрүүндээ хийчихсэн. Танд яаж түрүүнээсээ гаргаж өгөх вэ? гэж хэллээ.
Занданшатар дарга: Зүгээрээ зүгээр өгчих, очихоор эхнэр хүүхдүүд түрүү бөхийн боорцог байна уу гээд асуугаад байдаг юм гэлээ.
Би: Тэгээд гаргаж өгсөн байдаг юм.
Энэ жил дахиад ойр дотныхоо хүмүүст өгөхөөр хэдэн боорцог аваад гутлын түрүүндээ хийлээ. Индэр өөд гараад шагналаа авч явахдаа Занданшатар дарга юм тоодоггүй юм чинь гэж бодоод гутлынхаа түрүүнээс гаргаж өгсөндөө.
Хааяа шуудаг минь халаастай байсан бол гэж бодогдох үе гарах юмаа
Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.
Намсрайжав
2025-03-01
Ёстой хөөрхөн юм бэ гэдэг чинь энэ л байна даа