УИХ-ын чуулганаар Үндсэн хууль өөрчлөх хэлэлцүүлгийн үеэр М.Даваасүрэн гишүүн “Норвеги баларсан орон. Бид Норвеги шиг баларч болохгүй” гэж айлдлаа. Мань гишүүн 2016 онд тэдний баларсныг нүдээр үзэж, бүр баларсан юмтай гар барьсан юм байна. Норвегийн парламентын дэд дарга гэх пакистан хүн, лалын шашинтай хүн уулзахад баларсныг нь мэджээ. Монголд ч муслим шашинтай казах хүн УИХ-ын гишүүн, сайд, бүр УИХ-ын дэд дарга хүн байлаа. Ардчилсан оронд шашин шүтлэгээр нь хэнийг ч үл ялгадаг. Тэгж яривал монгол хаад шашин суртлыг үл ялгаварлан, Махмуд Ялавач зэрэг ислам шашинтан, өнгөт нүдтэнүүдийг төрийн сайд болгож явсан түүхтэй. Норвеги тэр пакистанаасаа болоод баларсан уу?
Норвеги холимог системээсээ болж, холион бантан үүсч хохирч баларсан улс болсон уу?
Баларчээ, баларч энэ Норвеги. Нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлж баларсан юм байна. Байгалийн баялгаа ард иргэддээ хүртээмжтэй болгож, хүмүүс нь баяжаад баларч өгсөн улс байна. Гэнэт баяжих гэдсэнд халтай гэдэг үгийг баларсан норвегичууд мэдэхгүй. Манай гишүүн Та нарыг баларсан гэж хэлсэн л бол баларсан. Норвеги бүр баларээ, баларч. Нэг хүнд оногдох эрчим хүч үйлдвэрлэлээр балай юм шиг дэлхийд тэргүүлж баларсан юм байна. Норвеги үнэхээр баларсан улс. Хими, төмөрлөг, машины аж үйлдвэрлэл хөгжүүлж балраад байхдаа яахав дээ. Хими, машины үйлдвэрлэл хөрсөнд маш хортой, хүн амьтан ажиллаж байгаад гар хөлөө тастана. Ажил гэсээр байгаад авгай хүүхэддээ хаягдана. Манайх шиг хуучин шинэ бэлэн машин авчихаад, буруу зөв хүрдтэй нь унаад тааваараа түгжрээд сууж байх заяагүй баларсан улс юм байна. Тэтгэврийн сан нь 1,3 их наяд доллартай. Тэр их мөнгийг хадгалах гэж зовно. Удахгүй санг нь хоослох Ундармаатай болоосой. Тэгэврийн сангийнх нь мөнгө гэж нэг иргэнд нь 240 мянган доллар манайхаар бол бараг тэрбум төгрөг оногддог тэрбумтнуудын тэнг улс. Бүгдээрээ тэрбумтан шахам мөртлөө үхэх гэж байгаа юм шиг ажил хийнэ. Ийм шуналтай, бөгсөн дороос нь юм хатгаад байгаа юм шиг ажлын мал улс баларна шд ээ, баларна. Мөнгө нь байсан ч хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх заяа нь хаясан баларсан улс юм.
Аз жаргалын индексээр дэлхийд эхний 6-д ордог ч гэх шиг. Пакистан дэд даргатай юм байж, тэр их алт мөнгөө хадгалах гэж маш их зовдог байж таарна.
Баян юм байж өвөг дээдсээсээ өвлүүлсэн газар дэлхийнхээ баялгийг ухаж төнхөлгүй, уул овоогоо тахиж, хойч үедээ хадгалахын оронд олборлож олзворлож, тэр сайхан норвеги тэнгэр хангай, тэнгис далайгаа гомдоодог балай улс юм байна.