Цаг үеийн мэдээ

Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд "Орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл" хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны чөлөөлсөн 1,6 га талбайн урд хэсэгт эхний ээлжийн 4 блок олон улсын стандартад нийцсэн нарны цахилгаан үүсгүүр, ногоон байгууламж, хүлэмж бүхий 110 айлын орон сууцны барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.07.04/ боллоо. Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь оршин суугчидтай хамтран ажилласнаар гэр суурьшлыг эрүүл, аюулгүй, амьдрах таатай орчин бүхий орлогод нийцсэн орон сууцны эко-хороолол болгон хөгжүүлэх юм. Төслийн онцлог нь оршин суугчид хөрш, бүлгээрээ нэгдэж амьдарч буй орчноо өөрчлөх санаачлага гаргаж чадсанаар төсөлд хамрагдах боломж нээгдэнэ.

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-ний санаа буюу нэг төвт хотоос олон төвт хот болгох үзэл баримтлалд бүрэн нийцсэн уг төсөл 2027 он хүртэл хэрэгжинэ.

Энэхүү төсөл нь орон сууц, хот төлөвлөлтийн олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно. Үүнд:

- Гэр суурьшлын иргэдэд орлогод нийцсэн орон сууцны сонголтуудыг санал болгоно.

- Дэд бүтцэд холбогдох, сэргээгдэх эрчим хүч ашиглах болон үр ашигтай барилгын технологи ашигласнаар агаар, хөрс, орчны бохирдол буурна. 

- Худалдаа үйлчилгээ, олон нийтийн орон зай, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хуваарьлалт нэмэгдэнэ.

- Ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр уур амьсгалд нийцсэн амрах, зугаалах орон зай бий болно.

- Авто ба явган зам, гэрэлтүүлгийг хангалттай байгуулснаар бүх хүмүүс, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал хангагдана.

- Соёл ба урлагийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.

- Эрүүл, аюулгүй хөрш орчин бий болно.

- Шинэ ажлын байр бий болж ажил эрхлэлт нэмэгдэнэ

Төсөлд оролцогч хэнд ч бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нээгдэнэ. Тухайлбал: Мэргэжилтэй ажилтан бэлтгэх дэд хөтөлбөрт хамрагдаж өөрийн сурч, дадлагажсан чиглэлээр бүтээн байгуулалтын ажилд оролцоно.

Бүтээн байгуулалтын дараа ажиллах талбай, үйлчилгээний орон зайгаар хангагдаж шинэ ажлын байртай болох боломжтой. Эдгээр нь төслийн нэгдмэл бодлогоор иргэн таны амьдралын нөхцөлийг дээшлүүлэх, орлогыг дээшлүүлэх үйл ажиллагаа юм.

Таны сурталчилгаа