Цаг үеийн мэдээ

Их хэмжээний усархаг бороо орж байгаатай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүд үерт автах эрсдэлтэй байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн борооны усыг сорууллаа. Үргэлжилсэн усархаг бороотой эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн доорх зөвлөмжийг дагана уу.

-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх, 

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

-Усархаг ширүүн борооны улмаас зам, гүүр эвдрэх эрсдэлтэй тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх,

-Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,

-Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхэд хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа