Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан БНЭУ-ын элчин сайдын яамнаас санаачлан МБШТ Гандантэгчэнлин хийдэд “Номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

Энэхүү ёслолд МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин М.П.Сингх болон элчин сайдын яамны хамт олон, Дилав хутагт Данзан Ламэд, Нарованчин гэгээн Данзанлхүндэв нар уригдан оролцсон юм. Түүнчлэн Бэтүб Даржаачойнхорлин хийд болон Зүүн хүрээ Дашчойлин хийдүүдийн лам хуврагууд, Азийн буддистуудын энхтайвны бага хурлын ажлын албаны төлөөлөл, сүсэгтэн олон хүндэт зочид, төлөөлөгчид энэхүү ёслолд оролцож хүндэтгэл үзүүллээ.  

Уг үйл ажиллагааг зохион байгуулсан БНЭУ-ын Элчин сайдын яамнаас дэлхийн өнцөг булан бүрт  сайн ном, сайн ерөөлийг түгээж байдаг бурхан багшийн сургаалт ном үүсч түгж эхэлсэн билэг ерөөл бүхий газруудын талаарх баримтат киног олон нийтэд үзүүлж, залуу үеийнхэнд мэдээлэл өгч шашны зүтгэлтнүүдийн үгийг сонсох боломжийг олгож өгсөн юм. 

Бурхан багш зуны эхэн сарын шинийн 15-нд  гэгээрлийн хутгийг олж түүнээс хойш 45 хоногийн дараа анхны номын хүрдээ эргүүлсэн гэж үздэг. Тэрээр энэ өдөр өөрийн ойрын 5 бясалгагч шавьдаа 4 үнэний сургаал, хутагтын 8 мөрийн номоо номлосноор бурхны шашны сургаалыг дэлхий ертөнцөд түгээж эхэлсэн  учир энэхүү өдрийг билигт сайн өдөр хэмээн онцгойлон номын хүрд эргүүлсэн дүйчин өдөр хэмээн тэмдэглэж ирсэн юм. 

Таны сурталчилгаа