Цаг үеийн мэдээ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөний дагуу хөрс тээврийн 90 тонны даацтай Коматцу HD785 маркийн автосамосваль 2 ширхэг, нүүрс тээврийн 60 тонны даацтай Коматцу HD465 автосамосваль 2 ширхгийг тус тус өөрийн хөрөнгөөр худалдан авч өнөөдөр ажилд гаргалаа. Багануур ХК, Японы Комацу компанийн хамтын ажиллагаа 31 жилийн түүхтэй. Монгол улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 гаруй хувийг ханган ажиллахад Комацу брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжүүд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 

Улсын нийслэл Улаанбаатар хот төдийгүй төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг Багануур ХК жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. 2023 онд Багануурын уурхайчин хамт олон 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч дулааны цахилгаан станцуудын захиалга нэмэгдэж 4.7 сая тонн нүүрс олборлох болж захиалга нэмэгдсэн. Өнөөдрийн хүлээн авч буй техник тоног төхөөрөмжүүд цахилгаан станцуудын нэмэлт захиалгат нүүрсийг хангахад ихээхэн хувь нэмрээ өгөх хөрөнгө оруулалт болов. 

Таны сурталчилгаа