Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Хүүхдийн эрхийн тухай хууль"-д заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Хүний эрх, эрх чөлөөг хангах"-тай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулав. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа удирдан явууллаа.

Хүний эрхийн Үндэсний комисс жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ хүүхдийн эрхийн талаарх санал, зөвлөмж тусгаж ирсэн байна. Энэ онд Улсын Их Хуралд хүргүүлсэн 22 дахь илтгэлд, стандарт хангахгүй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх, гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд эцэг, эхийн оролцоотой хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах, дотуур байрын багшийг ерөнхий боловсролын сургуулийн багштай дүйцүүлэх, туслах, эмч, сэтгэл зүйч, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтны орон тоог баталж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг тусгайлан чадавхжуулах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал, зөвлөмж өгсөн байна. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төсвийг шийдвэрлэх, холбогдох төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, хорих ялыг хойшлуулсан хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангах, хяналт тавих горимыг тодорхой болгох, гэрч, хохирогч хүүхдийн ар гэртэй ажиллах асуудлаар санал, зөвлөмж өгчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний комисс хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Тус комисс хяналт шалгалтынхаа дүнд хүүхэд орхигдсон, хамгаалуулах эрх нь зөрчигдсөн, хүүхэд хамгаалах тогтолцоо ажиллахгүй, үр дүнгүй, яаралтай өөрчлөх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдэлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.

Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ЕТусламж системээр хяналт шалгалтыг бол зохион байгуулж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хүүхдийг бэлгийн аливаа хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт хүрэхүйн тухай ойлголт, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, 9-12 дугаар ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр нэмэлтээр оруулахаар ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, залилах зэрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан веб хуудас нээж, иргэд, олон нийтэд ил болгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, захиргааны хяналт тавих ажилд ашиглаж, ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусахад тухайн веб хуудаснаас мэдээлэл устгадаг байх ажлыг зохион байгуулахаар судалж байгаа аж.

АНУ-д сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах төвийн үйл ажиллагаанд ашиглагддаг Сайпер тип системийг Цагдаагийн ерөнхий газар ашиглаж эхэлжээ. Үүний үр дүнд энэ оны эхний хагаст давхардсан тоогоор нийт 7202 мэдээлэл бүртгэснээс цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан агууламж бүхий контентыг хадгалсан, түгээсэн, борлуулсан, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 269 мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн Улсын Их Хурал, бусад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын ажлыг үр дүнд чиглүүлэх, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын талаар дорвитой өөрчлөлт хийх, хяналтын сонсголоос бодитой шийдэл гаргах талаар зарчмыг саналууд дэвшүүлсэн юм.

Анар хүүхдийн зуслан ажиллуулдаг, боловсролын байгууллагад 50 гаруй жил ажилласан Арсланбат гуай, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээнд хөрөнгө санхүүгийн хүндрэл, татвар шимтгэлийн дарамт их байгаад ярьсан юм.

Таны сурталчилгаа