Цаг үеийн мэдээ

Дундговь аймаг 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, чанарыг ахиулах, шалгалтад бэлтгэдэг арга барилыг орон нутагтаа нутагшуулах, багш сурагчдын чадавхыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ЕБ-ын Оюунлаг сургууль, Шинэ эрин дээд сургуулийн эрдэмтэн багш нар болон ахмад багш Чимэд нартай хамтран Орон нутгийн багш нарын мэргэжлийн онол, заах арга зүйг дээшлүүлэх сургалтуудыг  зохион байгуулсан. 

Мөн ЭЕШ-д бэлтгэх, сурагчид онлайнаар тест ажиллах явцдаа өөрийн түвшнийг тодорхойлж, доогуур үнэлгээтэй агуулгаар өөрийгөө хөгжүүлэх, сурагчдын ахиц, амжилтыг үнэлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор төгсөгчдийг ”Элсэлтийн ерөнхий шалгалт-800” цахим сайтад холбосноор 10 судлагдахуунаар 8 удаагийн  чансаа тогтоох сорилыг 363 төгсөгчид цахимаар, Оюунлаг сургуулийн боловсруулсан даалгавраар 2 удаагийн танхимын сорилыг зохион байгуулсан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 4 төгсөгч тус бүр 1,000,000 төгрөг, 700-799 оноо авсан 17 төгсөгч тус бүр 500,000 төгрөгөөр урамшуулан, шагнаж нийт 12,5 сая төгрөгийг “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-өөс зарцууллаа.  

Энэ үеэр Дундговь аймгийн уугуул Улсын Их хурлын Тамгын газрын дарга асан Өлзийхүүгийн Шижир нь орон нутгийн хүний нөөцийн боловсон хүчин, ирээдүй хойч дүү нараа дэмжих зорилгоор 800 оноо авсан 2 сурагчид сургалтын төлбөрийн эрхийн бичиг гардууллаа. 

Энэ жил 12 дугаар ангийг 387 хүүхэд төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлийн давхардсан тоогоор  1140  хүүхэд өгсөн байна.

Таны сурталчилгаа