Цаг үеийн мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 100 хувийн саналаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар сонгохыг дэмжлээ. 

Х.Нямбаатар: “Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан тул эрсдэлтэй алхам хийлээ гэдэг гоншигносон юм ярихгүй. Ажил л ярина. Нийслэлд ажлын байрны зураг авалтын үр дүнгээр өөрчлөлтүүд хийгдэнэ. Ерөнхий сайдаас олон чиглэл даалгавар авсан. Нийслэл хотод “5 Ш” ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалттай холбоотой ажиллагааг ил тод нээлттэй болгох, газар олголт, барилга хот байгуулалт төлөвлөлттэй холбоотой ажлыг цахимжуулах, ил тод болгох гэх мэт үүрэг даалгаврыг тэмдэглэж авсан. Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгтээ хүрсэн байна. Өнөөдөр 630 гаруй мянган автомашин Улаанбаатар хотод явж байна. Ямар нэгэн импортын авто машин хийгдэхгүй явж байгаа. Нийтийн тээврийн шинэчлэх бодлого “уначихлаа”. Энэ худалдан авалттай холбоотой харилцааг эцэслэх, шинээр ил тод нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн эрх зүйн байдал, нийслэлтэй холбогддог хууль эрх зүйн орчныг бүтэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр ихэнх бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалаад төлөвлөсөн цаг хугацаанд хийгддэггүй. Нийтийн зам талбай, дэд бүтцийн газар төлөвлөлтийн ажил тухайн газрын эзэнд очоод зогсдог эрх зүйн орчинтой байна.

Үүнээс гадна Газрын багц хуулийг шинэчлэх ажлыг яаралтай оруулж ирэх үүрэг даалгавар чиглэл өглөө. Худалдан авалтын тухайд нийслэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрх зүйн орчныг судалж танилцуулах зэрэг хот төлөвлөлттэй холбоотой чиглэлүүдийг авлаа. Мөн дээрээс нь Засгийн газрын тогтоол гарч Нийслэл хотод авах арга хэмжээний тухай тогтоолууд гарлаа. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд 2016 онд парламентад бид хоёр дараалан сонгогдсон. Бизнес, улс төрийн туршлагатай хүн Түгжрэлийн сайдаар томилогдох шийдвэр гарч байна.

Шулуухан хэлэхэд миний хувьд болон Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ажилд томилогдох санаачилга гаргаагүй. Энэ бол цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. Ийм учраас үүнийг хүндэтгэлтэй хүлээж авсан. Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна" гэв.

Таны сурталчилгаа