УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ
"Хүүхдийг төрснөөс нь эхлээд өөрөө хариуцлага хүлээх чадвартай болох хүртэл нь буюу 18 нас хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг Монгол улсын их хурлаас эхлээд засгийн газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллага, яам тамгын газрууд орон нутгийн захиргааны байгууллагууд, Монгол улсын иргэн, ААН, гэр бүл бүрийн эрхэм үүрэг гэж үзэж хэрэгжүүлэх ёстой. Хүүхэддээ ээлгүй улс үндэстэн, улс орны ирээдүй бүрхэг болно. Учир нь хүүхэд бол улс орны ирээдүй маргааш юм. Тиймээс хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёсзүйг эрүүлжүүлэх нь чухал байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Ямар нэгэн өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй байна. Ийм эрхзүйн шинэчлэлийг хийж болно гэж бодож байна.
Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй.
Зөвхөн өөрийн биш, бусдын хүүхдийг ч өөрийн мэт хайрлан энэрэх монгол ёс уламжлал алдагдаж байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаарх нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь маш чухал байна. Үүний тулд Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна" гэлээ.