Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.10.12/ үдээс хойш дахин хуралдаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав.

Уг хүсэлтэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн /10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн/ энэхүү хүсэлтийг гаргаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу Нийслэлийн ИТХ-аас намайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлснийг миний бие хүлээн авсантай холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Надад өндөр итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгож, дэмжиж, эрч хүч урам зориг өгсөөр ирсэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдодоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээсэн байна.

УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа