УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганыг гурван чиглэлд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тогтлоо.
- Хүний эрхийг хангах, үүн дотор хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
- Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар тогтлоо.
- Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар тогтов.
Дээрх гурван ажлын хэсгийг гаргаж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудлын хүрээнд 2024 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдан нийт 21 хууль, 8 Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Бүлгийн гишүүдийн олонх зарчмын хувьд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Мөн МСНЭ болон сэтгүүлчдээс МАН-ын бүлэгт санал тавьж, шаардлага хүргүүлсэн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.