Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой тохиож буй энэ өдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзаж байгааг онцлоод Ван И сайд цар тахлын хүнд жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө идэвхтэй ажилласныг нь үнэлж буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам’’ олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байгаад талархлаа илэрхийлээд хоёр талын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны 10 дугаар сарын 25-26-ны өдөр болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх хоёр талын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

“Бүс ба Зам’’ санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энэ удаагийн дээд түвшний уулзалтад 25 орчим улсын төр, засгийн тэргүүнүүд оролцох юм.

 

Таны сурталчилгаа