Газ хот дахь Аль Ахли эмнэлэг бөмбөгдөлтөд өртсөний улмаас 500 орчим хүн амиа алдсан гэж Хамас бүлэглэл мэдэгдлээ. Уг халдлагад Израилыг буруутгаж байгаа боловч Израил Палестины Исламын жихад бүлгийн тэнэсэн пуужин эмнэлэг дээр унасан гэж үзэж байна. Палестины Исламын Жихад бүлэг Израилыг гүтгэж байна хэмээн мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Аль Ахли эмнэлгийг бөмбөгдсөн явдлыг хурцаар шүүмжлэн буруутгасан байна. Тэрээр эмнэлэг, өвчтөн, эмч нарын байр, эрүүл мэндийн байгууллага олон улсын хуулийн дагуу хамгаалагдсан байдаг гэдгийг онцолжээ.
Энэ хооронд Арабын удирдагчид Йорданд хийх байсан дээд хэмжээний уулзалтаа цуцаллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Ойрхи Дорнод дахь айлчлалаа эхлүүлж, Израилын дараа ойрын холбоотон Йорданд Арабын удирдагчидтай уулзахаар товлож байсан юм. Ойрхи Дорнодод хийх айлчлалаа эхлүүлэхээр онгоцондоо суусан Байдены Йордан дахь айлчлал цуцлагдаж байна. Арабын удирдагчид мөргөлдөөний үеэр энгийн номхон ард иргэдийг хамгаалахыг шаардаж байгаа юм.
Түүнчлэн Израил Газ руу явган цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж, Газын зурвасын хойд нутагт суурьшсан 1,1 сая иргэнийг өмнөд нутаг руу нүүлгэн шилжүүлэх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Одоогийн байдлаар Палестины 600,000 орчим иргэн өмнөдийг зорих аялалд гарсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.