АНУ-ын Мянганы сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан компакт гэрээний дагуу 2010-2013 оны хооронд эрүүл мэндийн салбарт АНУ-ын Мянганы сорилтын сангийн 10.6 сая ам.долларын санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1.150 сая ам.долларын туслалцаатайгаар “Тархины харвалт, зүрхний шигдээсийн төсөл” амжилттай хэрэгжсэн юм.
УГТЭ-ийг түшиглэн хэрэгжүүлсэн “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төсөл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ болтлоо нутагшин хөгжсөн. 2023.11.10-ний өдөр тус эмнэлэгт төсөл хэрэгжсэний 10 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнах, танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд төслийн санжүүжилт, техник туслалцааны дэмжлэг, бодлогын хэрэгжилт болон гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж Ерөнхийлөгчийн зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Мянганы сорилтын корпорацын дэд суурин төлөөлөгч Бурак Инанч, УГТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор, Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.
УГТЭ нь төслийн хэрэгжилт, хүрэх үр дүнгийн тогтвортой байдлыг тасралтгүй хангах зорилго, хүчин чармайлтын дүнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг амжилттай нутагшуулж чадсан юм. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр эрүүл мэндийн бусад байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж мэргэшүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд туурвих, харвалт шигдээсийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга аргачлал, технологуудыг нэвтрүүлэх ажлыг хийж, энэ чиглэлээр салбартаа манлайлагч байж ирснийг төслийн үр дүнгийн талаар ярьсан хүмүүн онцлон дурдаж байлаа.