Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, МУСГЗ, Хурдан морь судлаач, Түүхийн ухааны доктор (P.h) А.Баярмагнайтай ярилцлаа.
-Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг толдорхойлогч судлаач, эрдэмтэн хүний тань хувьд тантай унаач хүүхдийн асуудлаар ярилцах гэсэн юм.
-Баярлалаа. Гэхдээ унаач гэж ярих нь буруу л даа.
-Юу гэж яривал зөв бэ?
-Унаач гэхээр дандаа унаж, ойчиж явдаг гэсэн үг шиг. Морины хүүхэд гэхээр бас биш. Уралдаанч хүүхэд гэвэл оновчтой.
-Тэгвэл бид зөв ярьж хэвших хэрэгтэй юм байна. Монголд хэдэн уралдаанч хүүхэд, хэдэн уяач байдаг тухай тоо баримт бий болов уу?
-Хэдэн жилийн өмнөх тоо баримтаар социализмийн үед 98-100 мянга орчим морь уралдаж байжээ. Түүнийг 10 мянган хүүхэд унадаг байлаа. Нэг хүүхэд зургаан насны морь унана гэхээр дунджаар тэгж гарч байгаа юм. Сүүлд ММСУХ байгуулагдсанаар уралдааны тоо олширч, уралдах морьдын тоо нэмэгдсэн. 2010-аад оны байдлаар 200 мянга гаруй морь уралдаж, 15-18 мянган хүүхэд түүнийг унаж байна гэсэн тоо гарсан байдаг.
-Өөрийн хүслээр морь унах хүүхэд олон уу?
-Албадлагаар морь унана гэж байхгүй. Хүүхэд айж байхад морин дээр хүчээр өргөөд тавьчихдаг юм байдаггүй. Монгол хүн морьтойгоо илүү ойр дотно байдаг. Хүүхэд эхэндээ жаахан бэргэж байснаа хэд мордоод, эргэж тойрохоор мориноосоо айхаа больдог. Ийнхүү бага багаар унаж дасгадаг. Айж байгаа хүүхдийг морин дээр тавьдаггүй. Дургүй хүүхдийг морь унуулахгүй. Хүүхэд би тэр морио унана, энэ миний морь гээд өмчлөөд авчихдаг. Морь хүүхэд хоёр хоорондоо дасаад, хүүхэд мориноос айхаа болихоор унуулж сургана. Хурдан морь унаж уралдах нь монгол хүүхдийн баяр баясгалан болоод явчихаж байгаа нь тэр.
Морьтон монгол гэж ярьдаг даа. Ямар хүнийг жинхэнэ морьтон монгол гэх вэ гэвэл хурдны морь унасан хүнийг жинхэнэ морьтон монгол хүн гэдэг. Ингээд хүүхэд маш багаасаа морь унадаг. Бага тархи хүний хөдөлгөөнийг зохицуулдаг. Бага тархи дөнгөж ажиллаж эхэлхэд хүүхэд дээшээ хараад хэвтэж байна. Тэгснээ хөл гараа хөдөлгөдөг болно. Тэгээд мөлхөнө, тэнтэр тунтар алхана. Яг тэр үед нь буюу бага тархины үйл ажиллагаа хөгжиж эхлэх үед нь монгол хүн хүүхдээ морины нуруун дээр гаргачихдаг. Эмээл дээр тавиад түшээд хөтлөөд явна, өөрөө сундлаад түшээд явна. Хүүхэд бүр түүнд дуртай. Тэгж дасгаж байгаад ганцааранг нь тавиад хөтлөөд явна. Бага тархи хөгжиж эхлэх үед өөрийн хөдөлгөөнөө зохицуулаад явна аа даа. Тэр үед нь морин дээр тавиад хөтлөөд, түшээд явахаар дөрвөн хөлтэй адгуусны хөдөлгөөний эвслийг хүүхдийн тархи өөртөө суулгаад, программ шиг бичээд авчихдаг. Тэгэхээр морь ийшээ хазайлаа би ийшээ хазайж тогтоно гэхгүй. Рефлекс болоод үлдчихдэг. Морь яаж хөдөлнө түүнийг өөрийн эрхгүй дагана. Хүүхэд морьтойгоо нэг цул зүйл болчихдог. Оньсого байдаг шүү дээ. Гүймэл ширээ, суумал бурхан. Түүн шиг морь хүн хоёр нэг зүйл болчихож байгаа юм. Доодох нь давхиад байдаг, дээдэх нь суугаад байдаг. Үүнийг л морь унаж чаддаг хүн гээд байгаа юм.
-Тэгж унаад сурчихсан хүүхэд унаж бэртэнэ гэж байхгүй биз?
-Байхгүй. Мориныхоо хөдөлгөөн бүрийг уян налархайгаар дагаад сурчихдаг. Үүнийг л уралдаанч хүүхдийн чадвар гээд байгаа юм. Бас тэгээд хурдны морь унаж байгаа хүүхдээ монгол хүн явган явуулдаггүй. Уяан дээр зургаан морь уячихсан байлаа гэхэд долоо дахь морь гэрийн гадаах уяан дээр байж байдаг. Үнээ нийлэхэд монгол хүүхэд үнээ тугал руу гүйдэггүй, уяатай морь руугаа гүйдэг. Тэгээд л морьтойгоо үнээ тугалын хоорондуур орно. Нөгөө программчилагдсан хөдөлгөөний эвсэл тэнд гарч байгаа юм. Хэдий багаасаа морины нуруун дээр гарна төдий чинээ моринд сайн болдог.
-Одоо тэгээд 7-8 наснаас дээш хүүхдүүд морь унана гээд нас тогтоогоод байна шүү дээ. Хэдэн настай хүүхэд хурдны морь унах нь зүйн хэрэг вэ?
-Нас тогтоох нь зөв. 2003 онд хуулийг баталхад би тэрхүү хуулийн ажлын хэсэгт байлаа. 2022 онд дахин өөрчлөгдсөн. Тэр ажлын хэсэгт ч бас байсан. Анхны хуулийн төсөлд би найман настай хүүхэд гэж санал оруулжсан юм. Тэгсэн УИХ-ийн гишүүд долоон насаар тогтоосон. Су.Батболд тэр үед УИХ-ын гишүүн байсан. Багасаа хурдны морь унасан, их уяачийн хүүхэд шүү дээ. Түүнээс хэдтэйгээсээ хурдны морь унасныг гишүүд асуухад “Би долоотой унаж эхэлсэн” гэхэд нь тэгвэл долоогоор тогтооё гээд тогтоосон юм. Одоо буцаад наймтай болов уу даа. Хамгийн багадаа хурдны морь унаж улсын наадамд уралдсан хүүхэд Төв аймгийн Баянбараат сумын Даваагийн охин Лхагваа 1967 онд дөрвөн настай хурдны морь унасан байдаг.
-Шинэ хуулиараа хаврын уралдаануудыг хориглосон шүү дээ. Зарим хүмүүс зөвшөөрөлгүй зохиодог. Тэр үеэр нь хүүхэд их унаж бэртэх тохиолдол гардаг гэх юм. Та энэ талаар сонсон л байх?
-Хавар морь уралддаг, уралддаггүй гээд бөөн маргаан байдаг. Уралддаг юм. Хавар морь уралдаж байсныг “Монгол гүн Ларсон” гэж ном бий. Түүнд “Адуу” гэж бүлэг байгаа. Монголд банк байхгүй гэж эхэлдэг юм. Банк, мөнгөний үүргийг адуу гүйцэтгэдэг юм байна. Монголд адуу их үнэтэй. Хамгийн үнэтэй адуу нь хурдан морь гээд хаврын уралдаан үзсэнээ бичсэн байдаг. Бэлчээрээр уясан морь, тэжээсэн морь хоорондоо уралдаад тэжээсэн нь хоцорлоо гэсэн байдаг. 1900 арван хэдэн оны үеийг л бичсэн байгаа юм. Цаасан дээр буусан нь тэр. Хадан дээр бичсэн зүйлүүд ч бий. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Өнжүүл уулын хойд ар руу Уралдаан цохио гэж байдаг. Тэнд хавар болгон морь уралддаг. Манай Ажаа тэр уралдаанд морь унаж түрүүлж байсан гэдэг юм. 1900 арван хэдэн оны л үед. Цагаан сар болгоноор тэнд морь уралддаг. 1972 оны хавар Сандийн Дашбал гэдэг хүний халзан азарга түрүүлээд, хадан дээр Дашбалын халзан азарга түрүүлсэн гэж бичсэн. Түүнээс хойш жил болгон Цагаан сарын уралдаанд түрүүлсэн морьдыг цөмийг нь бичдэг. Музей шиг юм бий. Эдгээр нь хадан дээр бичсэн 50 гаруй жил, цаасан дээр бичсэн 100 гаруй жилийн өмнөх баримт юм.
-Хурдан морины уралдаан манайд их л эрчимтэй хөгжиж байх шиг?
-Тийм ээ. Их эрчимтэй хөгжиж байна. Энэ чинь нэг ёсондоо үйлдвэрлэл болчихоод байгаа юм. Хаврын уралдааныг хасчихаар тэр үйлдвэрлэлийн нэг цикл тасарчихаж байгаа юм. Жилд 200 мянга гаруй морь уралдаж байна гэж үзэхэд түүнийг идэвхитэй уядаг 40-50 мянган хүн байгаа. Тэдэнд тусалдаг морийг нь тэжээдэг, малладаг, манадаг, идүүлдэг, ажлыг нь хийдэг залуус бий шүү дээ. Тэдгээрийг нь оруулбал үндсэндээ 120 мянга орчим уяач байгаа юм. Тэгэхээр энд олон арван мянган ажлын байр байна аа даа. Үүнийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам хаврын уралдааныг хориглож үйлдвэрлэлийн циклийг тасалдуулж байхын оронд тэдгээр ажлын байрыг албажуулмаар байгаа юм. Хавар уралдаж байж зуны уралдааны бэлтгэл бүрэн хангагддаг. Жилийн дөрвөн улиралд адууг арчлах, маллах, тэжээх, эмчлэх, тордох зэргээр тэр хүмүүс ажилтай байна. Олон ажлын байр бий болгож байна. Харин энэ бол албан бус ажлын байр. Нийгмийн даатгал төлөхгүй. Гэхдээ цалин хөлсөө тохироод хийж байгаа.
-Одоо нэг үеэ бодвол уралдаанч хүүхэд хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, малгайтай, тоноглолтой болсон. Энэ бас нэг хөгжил биз?
-Ер нь монголчууд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний тогтолцоогоо бий болгочихсон. Хүүхдэд ямар өмд, ямар цамц, ямар малгай өмсгөх, оймс ямар байх гээд бүгдийг зохицуулж ирсэн. Туухайвч гэж юм хүүхэд өмсдөг. Бүр өвдөг өнгөрсөн түрийтэй. Түүнийгээ эсгий ширж хийдэг. Одоо бол шилбэний хамгаалалттай болсон. Тэр эсгийгээр ширж хийсэн юм хамгаалалт шүү дээ. Цамц, өмдийг зүгээр нимгэн даавуугаар хийхгүй. Цэмбээр хийгээд, торгоор доторлоод, гоёод чимээд, гоёж чимэхийн хажуугаар аюулгүй байдлыг хангана. Хүүхдэд зохицуулж хийнэ. Эмээл ямар байх, дөрөө ямар байхыг бүгдийг хүүхдэд тааруулна. Дөрөө гутал хоёрыг нарийн шалгаж тохируулна. Олом, жирэм ямар байх гээд монголчууд олон зуун жил морио маллаад, уралдаад ирсэн. Тэр тогтолцоогоо өөрсдөө бүрдүүлчихсэн. Гэтэл үндэсний тэр тогтолцоог хангалтгүй байна гэж үзээд хамгаалалтын хувцастай болгосон. ММСУХ байгуулагдаад хоёр дахь их хурлын өмнөөс уралдаанч хүүхдийг нийгмийн даатгалд хамруулна гэдэг асуудлыг бид 1990-ээд оны сүүлч 2000-гаад оны эхээр тавиад, нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай ярилцаад хурдан морины уралдаанч хүүхдүүдийг ослын даатгалд хамруулж эхэлсэн. Эхэндээ их дурамжхан байсан. Уяачид даатгалын мөнгө төлөхөөс дургуйцэж байсан ч сүүлдээ ухамсарласан. Хамгийн анх Дарханы хаврын уралдаанаас эхлүүлж байсан юм. Сүүлдээ ч маш хэрэгтэй ажил гээд өөрсдөө сайн дураараа төлдөг болсон. Үүн дээр ММСУХ нэлээд анхаарч ажилласан. Уяачид ч идэвхитэй оролцох боллоо. Хүүхдийн байгууллагууд ч үүнд анхаарал хандуулж стандарттай болсон. Тэр бүх стандартыг баримталж, дуулга өмсүүлээд, тохойвч хийлгээд, цээживчтэй, өвдгөвчтэй, шилбэний хамгаалалттай мордож байгаа шүү дээ. Тэглээ гээд тайвшраад санаа амрах биш цааш нь улам л нарийвчилж хөгжүүлэх хэрэгтэй.
-Хурдан морь уралдах замыг яаж шийдэх ёстой вэ. Үлийн цагаан огтоны нүхэнд морь бүдэрч хүүхэд дарагддаг, түүнээс болж бэртэж гэмтэх тохиолдол их гардаг гэсэн?
-Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад зам их нөлөөтэй. Замаа маш сайн шалгадаг. Замыг арчилж, шалгаж, засаж, төвхнүүлдэг. Морь тарлах замаа хүртэл хөдөөнийхөн цэвэрлэдэг шүү дээ. Тарваганы нүх байвал бөглөөд, чулуу байвал зайлуулаад, яс байвал холдуулаад, нүх байвал анхааруулаад, морь тарлах замаа хүүхдүүд мэддэг болчихдог. Одоо тэрэг техник хөгжчихсөн. Хаврын уралдааны үед цасыг түрж зайлуулаад цэвэрлэдэг. Хаврын уралдаанд замыг нь засаагүй уралдана гэж ер байхгүй. Гэхдээ л цаашид үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Тогтмол стандарттай болох хэрэгтэй. Яваандаа тийм болно.
-Олон улсад морин спорт мэргэжлийн спорт болтлоо хөгжсөн шүү дээ. Тэдгээрийн зам талбайг судалж байв уу?
-АНУ, Хонг Конг, Герман гээд судалж байсан. Тэд шороо болон зүлэг гээд 2-3 төрлийн зам дээр уралдана. Тэр хүртэл ч арай болоогүй. Гэхдээ тэр рүү явж л байгаа. Мөдхөн манайх тийм болно. Ер нь олон улсын стандартад аажим аажмаар дөхөөд л байна. Манайд хөгжүүлэх механизм нь буруу хандлагатай яваад байна. Угтаа бол хурдан морины уралдааныг нэвтрүүлэх эрхийг телевизийн сувгууд уралдаан зохион байгуулагчдаас худалдаж авах ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ зохион байгуулагчид нь мөнгө төлж телевизээр нэвтрүүлдэг. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Самаранч гэдэг хүн Олон улсын олимпийн хороог санхүүжүүлсэн гол арга нь олимпийг дамжуулах эрхийг телевизийн сувгуудад худалдсан. Одоо Олон улсын олимпийн хороо шиг баян газар спортод байхгүй болсон. Манайд тэгэхгүй, яг эсрэгээрээ болоод байгаа юм. Яваандаа тэр гольдролдоо орох байх.
-Хүйн долоон худагт улсын наадмаа зохиогоод овоо хэдэн жилийн нүүрийг үзлээ. Тэнд байх 20 гаруй км замаа тэгээд янзалчихаж болохгүй юу?
-Ер нь монгол морьдын уралдаан засмал замаар биш хээрийн замаар уралддаг. Монголын хурдан морины уралдааны амин гол үзэл баримтлалууд гэж бий. Жишээ нь, заавал тусгай бэлтгэсэн дэгийн дагуу уяж уралдуулна, холын зайд уралдана, хүүхэд унана гэх мэт. Эдгээрийг өөрчилбөл энэ чинь монгол уралдаан биш өөр уралдаан болчихно. Тэр замын аюулгүй байдлыг хангах хэмжээнд засна. Хээрийн замд уралддаг зарчимаа баримтлах ёстой.
Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлчихнэ гэдэг чинь Эрийн гурван наадам, бөх, сур харваа, хурдан морины уралдаан маань монголчуудын төдийгүй хүн төрөлхтний бүтээсэн соёлын үнэт өв болчихсон гэж тооцож байгаа хэрэг. Тэгэхээр түүнийг бид хөгжүүлэх, хамгаалах ёстой. Тэр үүрэг нь бидэнд автоматаар ногдож байгаа юм. Уг нь олон телевиз хурдан морины уралдаан дамжуулж байна. Түүнийг тайлбарлахдаа хэний морь хэдэд яваад байна гэдгийг л зарладаг. Өөр юм байхгүй. Хөдөө очоод л гэрт нь сууж байгаад уяачийг яриулаад байна. Тэр чинь хувь уяачийн амбицийг, хувь уяачийн сэтгэлийн хөөрлийг л гаргаад байгаа хэрэг. Түүнээс хурдан морины уралдаан гэж юу вэ, мөн чанар нь юу вэ, бидэнд хөгжлийн ямар чиг хандлага байх ёстой вэ гэдгийг ердөө ярьдаггүй. За огт ярьдаггүй байсан үеэ бодвол энэ чинь дэвшил. Энэ хөгжил мөн. Гэхдээ олон түмэн үзэгчдэдээ өөрсдөө хөтлөгдөөд байж болохгүй. Тэр массыг сэтгүүлч өөрөө хөтлөх ёстой. Хөтлөөд яриа авч буй сэтгүүлч ч тэр талаараа гүнзгий мэдлэгтэй, өндөр боловсролтой байх хэрэгтэй. Үүнийхээ мөн чанарыг мэддэг, ирээдүйг нь таньчихсан байж олон түмнээ хөтлөх ёстой.
-Яагаад заавал жижиг биетэй, бага насны хүүхэд хурдан морь унах ёстой юм бэ?
-Олон улсын стандартыг монголчууд аль эрт тохируулаад хийчихсэн. Монгол адуу 300 кг жинтэй. Англи адуу бол 500-600 кг жинтэй. Уралдах адуу хэдий хэмжээний ачаа үүрч уралддаг вэ. Биеийнхээ жингийн 10 хувиас илүү ачаа үүрээд уралдаж чаддаггүй. Монгол адуу 300 кг. Тэгэхээр 30 кг хүртэлх жинтэй хүүхэд л унаж уралдана. Гадаад адуу 500 гаруй кг жинтэй гэхээр 50 гаруй кг жинтэй том хүн унаж болж байна. Хоёрдугаарт, морь давхихад богтсон залааны булчинг дөрөө нухдаг. Сонгомол морины уралдааныг харахад богинохон дөрөөтэй улс бөгтийчихсөн явж байдаг биз. Тэр нь булчинг нухахгүй гэж сэргийлж богиносгодог. Хүүхдийн дөрөө богинохон учраас булчинг нухахгүй. Дэлхийн стандартыг монголчууд аль хэдийн өөрсдөө олоод тогтоочихсон байгаа юм. Манай мөрддөг үндэсний стандарт олон улсынхтай нийлээд байдаг. Би 100 гаруй уралдаанч хүүхдийн жинг үзэхэд хамгийн бага жинтэй хүүхэд 22 кг, хамгийн хүнд нь 32 кг байсан. Хамгийн хөнгөн эмээл 3 кг. Хамгийн хүнд эмээл 7 кг. 12 настай хүүхдүүд морь унаад, 13 настай унадаггүй. Жил нь орж байгаа гээд уяачид унуулахаас цээрлэдэг. Хурдны морь унаснаар монгол хүүхдэд монгол хүний бие бялдар, сэтгэл зүй төлөвшиж бүрддэг. Үндэсний спорт үндэсний чанарыг нь хүүхдэд суулгаж байдаг юм.
С.ОТГОНБАЯР