Холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт анх удаа багтсан хийн бууны УАШТ Буудлага спортын төвд эхэллээ.
Эрэгтэй, эмэгтэй хийн гар буу, эрэгтэй, эмэгтэй хийн урт буу, холимог баг гэсэн 5 төрөлд зохиогдож буй УАШТ-д нийт 130 тамирчин цэц мэргэнээ сорьж байна.
"Парис-2024" олимпын эрхээ аваад буй Э.Даваахүү, Н.Баяраа, О.Есүгэн нарын шилдгүүд УАШТ-д өрсөлдөж буй бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэмцээнийг өнжихөөр болжээ.
Оролцогчдын 20 нь ОУХМ цолтой бол спортын мастер цолтой 50 гаруй тамирчин байна.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны үндсэн дасгал явагдаж, финалд буудах шилдэг 8 тамирчин тодрох бол маргааш хийн урт бууны үндсэн дасгал болно.
Улмаар пүрэв гарагт холимог багийн үндсэн дасгал явагдаж, баасан гарагт "Степпе Арена"-д таван төрлийн медалийн төлөөх буудлагууд болох хуваарьтай байна.