Лазер гүйлтийн хоёр дахь удаагийн УАШТ "Буянт-Ухаа" ордонд явагдаж өндөрлөлөө.
Хамгийн оргил мөч болох эрэгтэйчүүдийн элит ангиллын өрсөлдөөнд хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, ахлах ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Э.Төртогтох түрүүллээ.
Тэрбээр гүйлт, буудлагадаа жигд сайн байж 20 байг алдалгүй онох, 3000 метр гүйх даалгавраа 10:43.11 минутад амжилттай гүйцэтгэсэн юм.
Э.Төртогтох өнгөрсөн жил элит ангилалд мөн түрүүлсэн бөгөөд хөнгөн атлетикийн УАШТ-ий 400 м-ийн гүйлтийн 7 алтан медальтай нэгэн юм.
Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд өсвөр, залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан, Зүүн Азийн АШТ-ий хүрэл медальт залуу тамирчин А.Билэгт итгэлтэй түрүүлсэн. Тэрбээр буудлагадаа онцгой сайн байсан бөгөөд энэ нь сүүлийн хэдэн сар гэртээ буудлагын бэлтгэл хийсэнтэй нь холбоотой хэмээн тайлбарлав.
Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Давааням түрүүллээ. Тэрбээр "Энэ тэмцээнд анх удаа орж үзээд түрүүллээ. Хэдийгээр бид галт зэвсэгтэй харьцаж сурсан ч лазер буугаар буудах огт өөр юм байна. Гүйж ирээд амьсгаа өндөр байхдаа буудахад хэцүү байлаа. Гэхдээ маш их хичээж буудсан. Улсын аварга болсондоо баяртай байна" гэв.
Эрэгтэйчүүдийн сонирхогчдын төрөлд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын хошууч Ц.Билгүүн, эмэгтэй сонирхогчдын төрөлд "Мон магнит" ХХК-ийн ажилтан Л.Санчирмаа нар түрүүлж, 2024 оны улсын аварга боллоо.