"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпод оролцож буй манай гүйлтийн цанын тамирчдын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Alpensia Biathlon Centre-т болсон эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт уралдаанд 48 ҮОХ-ны 80 тамирчин хурд сориход Австрийн Э.Эишер 3:03.98 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.
Урьдчилсан шатанд эхний 30 байрт орсон тамирчид цааш шалгарах байсан бөгөөд манай тамирчин А.Хүслэн дараагийн шатанд үлдэхэд ердөө хоёр секунд дутан 35-р байр эзлэв.
Тэрбээр өөрийн зайг 3:15.83 минутад туулсан бөгөөд 30-д орсон тамирчны цаг 3:13.69 байв.
Энэ төрөлд уралдсан манай нөгөө тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 3:19.24 үзүүлэлтээр 41-р байрт бичигдлээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн спринт уралдаанд спортын мастер Ж.Уянга өөрийн замыг 4:03.61 минутад дуусган 78 тамирчнаас 46-р байрт орсон юм.
Харин спортын мастер Н.Нандинцэцэг 4:06.75 минутаар энэ гараанд 50-р байр эзэллээ.
Урьдчилсан шатыг Шведийн Э.Тангландер 3:27.75 минутаар өнгөлсөн юм.
Манай тамирчид маргааш эрэгтэй, эмэгтэй 7.5 км-ийн сонгомол тэшилтийн төрөлд уралдах хуваарьтай байна.