Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн мэргэжлийн зөвлөл болон ажлын хэсгийн шийдвэрээр сагсан бөмбөгийн холбооны ёс зүйн дүрмийн дагуу "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарын сагсанбөмбөгийн тоглолтод оролцох эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хассан. "BCH Гарьд" баг "Хасын хүлгүүд" багтай хийсэн тоглолтыг үеэр "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатар нь талбайн шүүгчийн биед халдсан үйлдэл гаргасан билээ.

Энэ талаар "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатар:

-Хасын Хүлгүүд, BCH Гарьд гэх монголын сагсанбөмбөгийн ривал багуудын цувралын долоо дахь тоглолт байсан. Хожигдсон баг нь хасагдах хариуцлагатай тоглолт. Хоёр баг тухайн тоглолтод хүчтэй бэлдэж орж ирсэн. Тоглолтын уур амьсгал ширүүн байсан. Миний хувьд шүүгчтэй маргалдаж, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр шийтгэл амсаж байна.

Тухайн тоглолтод юу болсон бэ? гэвэл долоо дахь тоглолтын сүүлийн минут 30 секунт болж байх үед манай багийн легионер тоглогч чөлөөт шидэлт шидэж байсан. Тэр үед самбар доор хаших гээд зогсож байхад шүүгч "Танай баг битгий жүжиглээрэй, жүжиглэсэн сануулгатай байгаа шүү" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Хэн жүжиглэсэн юм бол оо" гээд асуусан. Ингээд манай багийн тоглогч шидэлтээ хийж байх үед самбараас бөмбөг авах гээд үсэрсэн. Тэр үед эсрэг багийн легионер тоглогч Мосс намайг хальт түлхсэн. Тэгээд би шүүгчид хандан "Мосс ингээд өөрөө түлхээд байгаа шүү, хараарай" гэж хэлэхэд эхний техникийн алдааг надад өгсөн. "Юу болсон юм бол" гэж шүүгчээс асуухад шууд талбайгаас хөөсөн. Тэгээд би биеэ барьж чадалгүй солгой гараараа хальт алгадаад авсан юм. Яалт ч үгүй миний буруу. Сагсанбөмбөг үздэг, сонирхдог дүү нартай хэлэхэд "Над шиг ийм алдаа битгий гаргаарай. Энэ алдаа та нарт туршлага болох байх" гэж хэлье.

Холбооноос гаргасан хоёр жилийн шийтгэл миний хувьд урт хугацаа. Би одоо 28 настай. Хоёр жил дээд түвшинд тоглохгүй байж байгаад 30 хүрснийхээ дараа дээд лигт буцаж орж ирнэ гэдэг хэцүү байх. Нас ахисныхаа дараа формтойгоо орж ирнэ гэдэг. Яахав доод түвшний лигүүдэд тоглож болох байх. Ер нь боломжгүй. Хоёр жил бэлтгэл сургуулилт хийсэн ч мэргэжлийн тамирчидтай өрсөлдөж байж, бэлтгэл нэг түвшинд байна.

Үндэсний дээд лиг бол сагсчин болгоны тэмүүлдэг хамгийн дээд түвшин. Ийшээ орохын тулд бэлтгэлээ сайн хийж, оюутны лигтээ сайн тоглож, маш их хичээж байж орсон. Ер нь ямар ч тамирчин ялахын тулд өрсөлддөг. Үзэгчид миний тоглолтыг сайн мэдэх байх. Эмоцитой тоглож, багаа сэргээх гэж оролддог. Шүүгч бид хоёр аль аль талаасаа тухайн үед түргэдсэн. Миний 100 хувь буруу. 

Таны сурталчилгаа