Цаг үеийн мэдээ

Польш Улсын Якушице хотноо зохион байгуулагдсан биатлоны Европын аварга шалгаруулах тэмцээний 15 км зайн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч түрүүлж, европчуудыг тэр чигт алмайруулав. Биатлон төгс утгаараа хөгжсөн “хөгшин” Европт талын Монголын хүү түрүүлсэн нь тэдэнд гайхшрал, бахархалыг нь зэрэг төрүүлж, энэ тухайгаа дэлхийн хэвлэлийн хуудаснаа түглээ. Түрүүчийн энэхүү амжилт нь Монгол Улсын биатлоны спортын анхдагч гэдгийг Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хорооноос ч зарлалаа.  Монгол Улсын Төрийн дууллыг биатлон хэмээх их спортын амжилтаар эгшиглүүлж, эх орныхоо алдар сууг мандуулж яваа Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, ОУХМ, түрүүч Энхбатын Энхсайхантай цахимаар холбогдож ярилцснаа хүргэе.

Тэрээр энэ үед дараагийн тэмцээндээ оролцохоор Польш Улсаас Чек Улсыг зорьж явсан бөгөөд дэлхийн цомын аваргын төлөө 20 км-ийн холын зайнд уралдахаар бэлтгэлээ хангажээ. 

Юуны өмнө танд Европын залуучуудын аварга биатлонч болсонд баяр хүргэе. Таны амжилтаар монголчууд тэр дундаа Зэвсэгт хүчний мөрдэс нэгт нөхөд нь бахархаж байна?

Маш их баярлалаа. Польш Улсад хоёр төрлийн тэмцээнд оролцохоор 1 дүгээр сарын 29-ний өдөр эх орноосоо ирсэн. Эхнийх нь 2 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд явагдаж, нэгдсэн дүнгээр зургаадугаар байрт шалгарсан. Дэлхийн орнуудын 120 гаруй тамирчдаас. Дараагийнх нь 2 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд явагдаж, 15 км-ын хувийн зайг 44:34:8 минутын хугацаанд туулж алтан медаль хүртсэн. Мөн л дэлхийн шилдгийн шилдэг 110 гаруй биатлончоос. Түүхэн амжилтдаа маш их баяртай байна. Миний хувьд гарааныхаа тамирчдаас тэргүүлэх хамгийн давуу тал нь дөрвөн буудлагаа 100 хувь төгс гүйцэтгэж чадсан явдал. 

Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх агшинд төрсөн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

Үгээр хэлэхийн аргагүй сайхан. Европчууд ч өөрсдөө их гайхсан. Итгэхгүй байгаа ч юм шиг. Дараа нь “Танд олон боломж, чадвар харагдаж байна, дэлхийн хэмжээний шилдэг тамирчин болоорой” гэж амжилт хүссэн. Мэдээж өнөөдрийн амжилт миний дасгалжуулагч багштай салшгүй холбоотой. Багшийг Александр Владимирович Попов гэдэг, Беларусийн нэрт биатлонч.  1988 оны Калгарийн олимпийн алт, 1992 оны Альбервилийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт алдартай тамирчин.  ОХУ-даа ч алдартай биатлонч, дасгалжуулагч. Одоо бол багш Беларусь улсад ажиллаж амьдарч, дэлхийн хэмжээний биатлоны тамирчдыг бэлтгэх ажлыг гүйцэтгэж байна. 

Сонирхолтой мэдээлэл байна, багштайгаа хэзээнээс холбогдов?

2019 онд Италид олон улсын тэмцээнд оролцохдоо танилцаж, багш шавь болсон. Дэлхийн хэмжээний энэ алдартай дасгалжуулагчтай холбох ажлыг манай улсын Биатлоны шигшээ багийнхан гүйцэтгэж, гарах зардлыг ч хариуцдагт нь талархаж явдаг даа. Биатлоны шигшээ багийн удирдлага болон дасгалжуулагч багш Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ  нар маань бүх талаар дэмжиж, аав шиг, ах шиг, найз шиг минь байдаг. 

Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байна, эх орондоо хангаж байна уу?

Янз бүр. Голдуу тэмцээн явагдах газар орныхоо нөхцөлд орос багштайгаа хамт бэлтгэж, эх орондоо бол шигшээ багийн дасгалжуулагч нарынхаа удирдлагад гүйцэтгэж байна. 

Биатлоноор хэзээнээс хичээллэсэн билээ?

Би Дархан-Уул аймгийнх. Багаасаа гадаа тоглож өссөн хөдөлгөөнтэй хүүхдүүдийн нэг. Сургуулийнхаа ихэнх спорт секц дугуйланд явна. Волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, цана гээд бүх төрлөөр жигд хичээллэдэг ч аль нэг төрөлдөө онцгой амжилт үзүүлж чадахгүй байсан. Ингээд 2017 онд наймдугаар ангиасаа цанаар түлхүү дагнан хичээллэж, 2019 онд биатлоны тамирчин болж чадсан. Цана гэдэг спортыг анх танилцуулсан багш минь Дархан-Уул аймгийн спортын ордны багш, спортын мастер Б.Ховор-Эрдэнэ. Сурагч байхдаа багштайгаа хамт сургалт бэлтгэлээ базааж олон удаагийн шагнал хүртэж урам зориг авсан нь биатлоны тамирчин болох эхлэл байсан гэж боддог. Биатлоны спортод буудлага бол гулгахаас илүү чухал. Муу буудвал нэг минутаар торгуулна эсвэл торгуулийн тойрог тойрдог. Тийм учраас буудлагаа сайн хийж чадвал ямар ч сайн тамирчин байсны өмнө орох боломжтой сонирхолтой спорт.     

Буудлага, цана хоёрын нийлмэл төрөл хэдий ч буудлагын чадвараа давамгай хөгжүүлэх шаардлагатай.  Мэдээж тамирчны сэтгэл зүй хамгийн чухал. Бас хурд, авхаалж самбаа их шаардана. Биатлон нь хамгийн багадаа 7.5, 15, 20 км замыг туулдаг. 2019 оноос хойш Итали, Норвег, Польш, Финлянд, Швед, Словакт зохион байгуулагдсан олон улсын уралдаан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна. Яг одоо бол Чех Улсыг зорьж байна, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа, миний оролцох 20 км зайн төрөл нь 2 дугаар сарын 14-ний өдөр явагдана.

Бэлтгэл бүрэн хангагдсан биз?

Хангасан. Амжилт үзүүлэхийн төлөө бүх чадлаараа хичээх болно.

Таны цаашдын зорилго, төлөвлөгөө?

Олимпын босго оноогоо цуглуулж, 2026 оны өвлийн олимпод оролцохыг гол зорилгоо болгосон. Олимпод оролцох эрхийг өмнөх хоёр жилд нь хангах ёстой учраас 2024, 2025 он бол миний хувьд хамгийн шаргуу хөдөлмөр, бэлтгэл сургалттай жил байна. Ялангуяа 2025 оны Азийн наадмаас медаль хүртэх нь туйлын чухал юм. 

2022 оны Бээжингийн өвлийн олимпын эрх танд их ойрхон байсан...

Тийм ээ, дэлхийн шилдгийн шилдэг 100 биатлонч олимпод оролцох эрх авахад миний бие 104 дүгээр байрт жагсаж, урдуураа таслуулсан гэх үү дээ. Тэр үед гэхдээ насанд хүрэгчдийн төрөлд оролцох боломжгүй 19 настай байсан. 

Цэргийн албаныхаа хүсэл мөрөөдлөөс хуваалцахгүй юу?

2023 оноос Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагчаар алба хааж байна. Одоо түрүүч цолтой. Миний шилдэг биатлонч болох мөрөөдөлтэй үргэлж явдаг хамт зорилго бол цэргийн алба хаагч болох. Хүүхэд байхын л тийм байсан. Энэ хоёрыг төгс хоршуулахыг хичээж байна, гэхдээ бэлтгэл сургалтаас болоод сайн гэрээт цэрэг төдийлөн болж чадахгүй байна. 

Одоо суралцаж байгаа “Мон-Атиус” дээд сургуулиа төгсчхөөд цаашдаа ахлагч, офицер болохыг зорьж байна. Намайг үргэлж дэмждэг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа” гэсээр түрүүч маань дараагийн тэмцээндээ оролцохоор замд гарах болсноо дуулгалаа. 

Одоо дөнгөж 21-хэн настай түүнд монголчуудыг биатлоны спортоор тив дэлхийд таниулах, сурталчлах их хүсэл тэмүүлэл, хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл бүхэн нь биелэх нь дамжиггүй биз ээ.

                                                                       Ахмад Д.БОЛОР

Таны сурталчилгаа