Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын бүрэлдэхүүнийг сар шинийн өмнө Монголын чөлөөт бөхийн холбооноос зарласан билээ. Тус холбоо тамирчидтайгаа гэрээ хийж, тэднийг допингийн эсрэг сургалтад хамруулсан юм. Шигшээ багт эрэгтэй 14, эмэгтэй 13 тамирчин багтсан.
Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Говь-Алтай аймагт сэргэлтийн бэлтгэл хийхээр орон нутгийг зорьжээ. Харин эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо бэлтгэлээ базааж байна. Манай тамирчид гуравдугаар сард Туркийн алдарт бөх Ясир Догугийн нэрэмжит барилдаанд оролцоно.
Үүний дараа дөрөвдүгээр сарын 11-16-нд Киргизтсаны Бишкек хотноо болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Улмаар “Парис-2024” олимпын Азийн эрх олгох тэмцээнд зодоглохоор төлөвлөсөн байна.