Хилэнт эх хэмээх модон луу жилийн зурхайд Монголын улстөрчдийн мэнгэ төөрөг, засал суудал яаж зурагдсан бэ? Шар мах анддаггүй шар зурхайч улс төрчдийн энэ жилийн засал суудлын талаар ингэж зөвлөж байна.
У. Хүрэлсүхэд улаан зангиа ээлгүй
1968 оны шороон бичин жилд төрсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл жил. Сошиалд лайк нь өсөх нигууртай. Ид шид гэж үгүй тул эзэн нь өөрөө хичээвэл рейтинг, рентген өсөж мэднэ. Галд суусан тул галын сан уншуулах юм байна. Галын сан нь Боловсролын зээлийн сан, ЖДҮ сан биш тул сэрэмжлэн цээрлэх хэрэг огт үгүй. Хуучин эд, хувцас, улаан өнгийн эд авч болохгүй. Зээрд морь авахгүй. Ер нь ч тийм өнгө зүстэй машин унадаггүй, хуучин хувцас авдаггүй тул аюух зүйл үгүй. Улаан зангиа зүүхгүй, улаан майк, улаан бэлтгэлийн өмд өмсөхгүй байвал зохилтой.
Мод гөлөглөх үеэр анхаарах Г.Занданшатар
1970 оны төмөр нохой жил төрсөн УИХ-ын дарга Г.Занданшатарт луу жил их харш. Мод гөлөглөх үеэр хянуур байгаарай. Модонд суусан тул мод гөлөглөх үеэр Жесси нохойгоо гөлөг биш гэж бодоод модон дундуур хоёул зугаалах сэлгүүцэх, зураг авхуулах дэмий. Хөх өнгийн эдээс болгоомжил. Хөх дээлээ одоо сольсон нь дээр. Ариун сан, Лусын сан уншуул. Засгийн газрын сангуудын мэдээллийг уншиж судалж, ариутган цэвэрлэхэд анхаарах нь тэр чухам зөв ариун сан, тэр чухал сайн лусын сан болно.
Үер уснаас болгоомжлох Л.Оюун-Эрдэнэ
1980 оны төмөр бичин жилд төрсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл жил. Ивээл жил гэхээр зөвхөн сонгуулийн үр дүн бодоод байх учиргүйг анхаар. Усанд суусан. Гахай, загасны мах идэх цээртэй. Гадаад дотоодын хүлээн авалтад гахай, загас өгвөл Oh thank you энэ тэр гээд амсаад тавихад анхаар. Лус савдаг, үер уснаас болгоомжил. Улаанбаатар хот, улс орны хаана ч нүүрлэж мэдэх үер уснаас сэргийлж, Онцгой байдлын албыг дэмжих, гүүр, даланг хүчитгэх, голын ай савд баригдсан Авлига хороолол, S'Outlet зэргийг нураахад онцлон анхаарна уу. Голыг гол гаргах аргагүй гэдгийг онцгойлон сануулж хичээн ажиллахыг гараг эрхэс сануулж байна. Газрын үүд, Лусын сан уншуул, газар, усаа тахь хэмээн зурхай өгүүлж буй нь онцгой дохио тэмдэг мөн.
13 сан уншуулах Л.Гантөмөр
1973 оны усан үхэр жилд төрсөн АН-ын дарга Л.Гантөмөр огторгуйд суусан. Бага харш жил. Суудал өнцөгдсөн. Огторгуйд суусан тул амьдралаас хол агаарын юм сэвэхээс сэрэмжил. Намын даргын суудлаа бэхэл. Тарваганы мах идэж болохгүй, ариун бус идээнээс болгоомжил. Сэтгэл тавгүйтэх, гансрахаас сэрэмжил. Жиду гарагийг тахь. ЖДҮ сан биш. 13 сан уншуул. Сантай холбоотой сэв мадаг гарах магадтай тул их олон бүр 13 сан уншуул гэж зурхай өгүүлж буй нь учиртай жанцантай. Алтангэрэл уншуул. Алтангэрэл гэдэг нэртэй орлогчоороо элдэв янзын ном уншуул гэсэн үг биш болохыг анхаар.
Газан дээр суусан Т.Доржханд
1977 оны гал могой жил төрсөн ХҮН-ын дарга Т.Доржханд хийн дээр суусан. Орчин үеийнхээр бол газ дээр суусан. Суудал өнцөгдсөн. Сандлаа голлож суухад анхаар. Сонгуулийн жил гарч байхад хэл ам хийх муу гэж гарсан байх юм. Өрөөлийг шүүмжлэхээс илүү өөрсдийн бодлого шийдлээ ярь гэсэн анхааруулга байж мэднэ. Сэтгэл долгисох, хөвсөлзөх, сүгсэлзэх талтай. Эргүү малын мах, галзуу амьтны мах идэхээс сэрэмжил. Ан хийдэггүй, мал нядалдаггүй тул аюух зүйл үгүй. Гонгор, Лхам сахиус тахь.
Хилэнт эх хэмээх нэр нь ёгт утга болохоос бус ууртай ээж, стресстэй эх гэсэн өнгөц агуулга биш. Өлсгөлөн болох, мэсний аюул нүүрлэнэ гэсэн далд утгыг илэрхийлж байгаа юм байна.