Спортын арбитраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа “5 сая төгрөг аваад бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж байна гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байна. 5 сая төгрөгийг ямар учиртай авдаг вэ гэвэл жишээ нь, иргэн шүүхэд юмуу, нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж төлдөг. Тэр мөнгөтэй адилтган 5 сая төгрөгийг гомдол гаргахдаа материал бүрдүүлж өгч байгаа материал, хураамжийн төлбөр байдлаар авдаг. Энэ төлбөрийг авч байж допингийн болон арбитрын маргаан үүсдэг. Ийм дэгтэй. Түүнээс энэ төлбөр арбитраас юмуу, допингоос хэрэг хянан шийдвэрлэхэд авдаг мөнгө биш.
Хоёрдугаарт, 2017 оноос Спортын арбитр Монголын тэшүүрийн холбооны холбогдох хүмүүсээс гаргасан хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн үндэсний бөхийн тамирчин Э.Оюунболдтой холбоотой хэргийг, Монголын морин спорт уяачдын холбоо буюу хурдан морины төрлийн маргаануудыг шийдвэрлэсэн. Үүний дараа үндэсний бөхийн тамирчид болох Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаярын хэргийг шийдвэрлэжээ. Одоо давж заалдах комиссын үр дүнгийн удирдлага явуулж буй хоёр маргаан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Монголын үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэсэн гурван байгууллагатай холбоотой допингийн асуудлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дараагийн асуудал үндэсний бөхийн тамирчин Т.Бэгзсүрэнгийн өргөдөлтэй Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой хоёр хэрэг Допингийн давж заалдах комисс дээр үр дүнгийн удирдлагын буюу маргаан таслах ажиллагаа явагдаж байгаа.
Допингийн асуудалд ямар нэгэн байдлаар өртсөн, түүнд холбогдсон байж болзошгүй хүмүүс ихэвчлэн гомдол гаргадаг. Бадарчийн хувьд шүүх хурал хойшилсон. Яагаад хойшилсон бэ гэхээр Бадарчаас 14 төрлийн нотлох баримт цуглуулах, түүнтэй холбоотой хүсэлтүүд гаргасан байдаг. Эдгээр баримтуудын тал хувь нь хариуцсан байгууллагуудаас товлосон шүүх хурлаас өмнө ирж амжаагүй. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад томилолттой учраас оролцож чадахгүй. Хуралдааныг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Гуравдугаарт, Үндэсний допингийн эсрэг байгууллагын итгэмлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгөөч гэдэг гурван үндсэн шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон” гэв.
С.ОТГОН