Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдийн дунд BCL (Basketball Champions League)-г зохион байгуулж эхлээд байгаа юм.
Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард болсон ФИБА Конгрессийн үеэр Монголын лигийн аварга багийг оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан нь ийнхүү биеллээ олж байна.
Тодруулбал, тэд өнгөрсөн сард Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой албан ёсны гэрээ байгуулжээ. Ингэснээр үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн BCL Asia тэмцэээнд өрсөлдөхөөр боллоо. Үүнээс гадна гэрээний хүрээнд Монгол Улсад Азийн аваргуудын лигийн нэгдүгээр тойргийн тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 3-7-нд зохион байгуулахаар болсон байна.
Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар давуу эрхээ эдлэн хоёр баг оролцуулна. Ингэснээр үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалд үлдсэн багууд Азийн аваргуудын лигийн нэгдүгээр шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.