Цаг үеийн мэдээ

МҮБХ, Премьер Спортс Нэтворк телевизийн хамтран зохион байгуулдаг “Үндэсний Пепси АЛТАН ЦОМЫН төлөөх барилдаан” хоёр дахь улиралдаа үргэлжилж байна. Үндэсний бөх сонирхогчид, төдийгүй, Монголчуудын үзэх дуртай контентын нэг болж чадсан тус барилдааны үеэр “БҮХ ОДОД”-ын барилдааныг зохион байгуулахаар болжээ.  Тодруулбал шинэ улирлын нээлтийн үеэр зохион байгуулагч PSN телевизийн гүйцэтгэх захирал Э. Мөнхбат “Энэ улирлын нэг онцлох, шинээр нэмэгдэж байгаа зүйл нь Алтан цомдоо барилдаж байгаа бөхчүүдийн дунд БҮХ ОДДЫН барилдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа” хэмээн дурдсан. Ингээд гуравдугаар сарын 16-нд үндэсний бөхийн шилдгүүд хоёр баг болон барилдахаар болов. Тус барилдаанд оролцох бөхчүүдийг https://altantsom.psn.mn вэб сайтаар олон нийтийн санал асуулгаар тодруулсан байна. 

Хамгийн олон санал авсан 14 бөхийг барилдаанд оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм. 14 бөхийг улсын аварга О.Хангай 17590 саналаар тэргүүлсэн бол улам өрнөх харцага Б.Зоригтбаатар, “Амаргүй” начин Д.Амарсайхан нар эхний гуравт багтаад буй. Мөн улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Лхагвагэрэл, заан Б.Пүрэвсайхан, харцага О.Мөнх-Эрдэнэ, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, улсын харцага С.Сүхбат, харцага Г.Ганхуяг, начин Э.Сумъяабат нар үзэгчдээс хамгийн олон санал авч “Бүх оддын барилдаан”-д зодоглохоор болсон.

Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар багаа ахалж, NBA-гийн драфтлах зарчмаар ээлжилж бөхчүүдээ сонгон багаа бүрдүүлэх юм.

“БҮХ ОДОД”-ын барилдаанаар юу үзэх вэ?

1. Үзэгчдийн санал асуулгаар тэргүүлсэн 14 бөхөөс хамгийн том цолтой хоёр нь багийн гишүүдээ бусад ээлжилж сонгох журмаар багаа бүрдүүлнэ. Тус хоёр баг улирлын барилдаантай ижил зарчмаар барилдаж шилдгээр нэг баг нь тодрох болно. 

2. Барилдааны үеэр Олны танил эрхмүүд  Алтан цомын дүрмээр барилдана. Үндэсний бөхийн ямар нэг цолгүй урлаг соёл, нийгмийн зүтгэлтэн, бөхийн барилдаанаас бусад төрлийн спортын алдартнууд хоёр баг болон бүх оролцогчид бүрэн өмсгөлтэй барилдахаар болжээ. 

3. Мөн тус барилдааны үеэр бөхчүүд, бөх сонирхогчдын дунд бяр, чадлаараа гайхагддаг 4 шилдэг бөхийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөөд байна.

Холимог оддын барилдаанд оролцооч хэмээн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалд урилга ирээд байгаа тухай тэрбээр ярилцлага авах үеэр хэлсэн юм.

С.ОТГОН