Сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаанд 544 бөх уран мэх уралдуулж, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Их Монголын хүчтэн дэвжээ"-ний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон анх удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням зургаа дахиа үзүүрлэв. Шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Энхтайваны Совджамц гурав дахь удаагаа шалгарлаа.
Түрүү үзүүр, их шөвгийн бөхчүүдийн шагналыг гэрээний дагуу Сүлд телевиз олгохоор тогтсон бөгөөд Сүлд телевизийн хамтрагч байгууллага "Монгол фарм" ХХК-аас нэрийн бүтээгдэхүүнээ гардуулсан юм.
Тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, сумын заан Б.Ган-Эрдэнэ нар шалгарсан бол есөд Дундговийн сумын заан Х.Чойжилсүрэн, Өвөрхангайн сумын заан Д.Саранцогт, Б.Сундуйжадамба, Д.Сумъяабазар нар үлдэв.
Харин сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог Үнэнч үзэгчдийн нэрэмжит "Дайчин барилдааны шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын заан Б.Сундуйжадамба, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын заан Г.Мөнх-Ёндон нарт тус тус олголоо. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Батмөнхийн Баатархүү гардуулав.
Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.