Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын 2024 оны “Монголын оюутны спортын VI наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай” А/10 дугаар тушаал, ЗГТА Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Монголын оюутны спортын VI наадмын нэгдсэн заавар батлах тухай” 2024 оны А/65 тушаал болон “Монголын оюутны спортын VI наадмын зардал гаргах тухай” 2024 оны А/118 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, оюутны тив, дэлхийн тэмцээн, оюутны “Универсиад” наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор уг наадмыг явуулж байна.
Наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), их, дээд сургууль (ИДС), спортын холбоод зэрэг байгууллагууд оролцон удирдаж, наадмын нэгдсэн зааврыг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүргийг Олон улсын оюутны спортын холбооны гишүүн МОСХ бүрэн хариуцан явуулна.
Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа нь 2024 оны 04 дүгэр сарын 15-ны өдрийн 15:00 цагт Спортын төв ордонд болно. Шигшээ тэмцээн нь волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннисийн 10 төрлөөр Улаанбаатар хотноо зохиогдож, спортын 11 заал, танхим, ордонд явагдан, 533 багц медалийн эзэд тодрон, шилдэг спортын үйл ажиллагаатай Их дээд сургуулиуд шалгарах болно.
Одоогоор наадмын анхан шатны тэмцээнүүд Их дээд сургуулиудад дээр явагдаж байгаа ба 04 сарын 1-нд шигшээ тэмцээнд оролцох тамирчид тодорч, мэдүүлгээ наадмын Зохион байгуулах хороонд гаргана. Шигшээ тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 16-25-нд нэгдсэн журмаар, хуваарийн дагуу явагдана. Наадмын хүрээнд оюутны спортын эрдэм шинжилгээний хурал МУИС дээр 04 дүгээр сарын 17-18-нд болно.
Наадамд оролцох оюутны шаардлага нь Их дээд сургуулийн (өмчийн хэлбэр харгалзахгүй) өдрийн ангид суралцдаг, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй, 1999 оны 01 дүгээр сарын 01-нээс 2006 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн ба 18-25 насны, Монгол Улсын иргэн орох ба оролцогч оюутан нь тухайн ИДС-д нэгээс доошгүй хичээлийн улиралд суралцсан байх ёстой. Оюутан наадмын нэг спортын төрөлд оролцох боломжтой.
Спортын төрлийн зай, жин тус бүрт медальт байрт шалгарсан баг, тамирчид, байгууллагын дүнгээр эхний гурван байрт шалгарсан дасгалжуулагчдыг наадмын медаль, өргөмжлөл, Засгийн газрын 2018 оны 173 тогтоолоор батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу алтан медальт тамирчинд 400,000 төгрөг, мөнгөн медальд 300,000 төгрөг, хүрэл медальт тамирчыг 200,000 төгрөгний мөнгөн шагналаар шагнана. Харин нэгдсэн дүнгээр эхний 6 байрыг эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн 6-1 сая төгрөгний мөнгөн урамшуулалыг олгохоор наадмын төсөвт тусгажээ.
Энэхүү оюутны спортын Универсиад наадам нь 2005, 2009, 2013, 2017 онд дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдож байсан бол 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн хоёр жил тутамд явагдахаар шийдвэрлэгдсэн. Харин 2020 онд эхлүүлсэн Монголын оюутны спортын Универсиад V наадам нь Ковидын цар тахлын улмаас хойшлогдон 2022 онд бүрэн хэмжээгээр явагдаж дуусчээ.
Дашрамд дурдахад 2022 оны оюутны Универсиад наадмын шигшээ тэмцээнд 33 их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутан тамирчид хамрагдан оролцож, МУИС-ийн баг тамирчид тэргүүн байрыг эзлэн, Олон улсын их засаг их сургууль, Мон-Алтиус сургуулиуд эхний гурван байрт шалгарч байв.