Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 103 жил болон Цэргийн төв хэвлэл "Соёмбо" сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус барилдааныг нээж хэлсэн үгэндээ "Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрсийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал, хүндэтгэлийн өдөр билээ.
Монгол цэрэг, монгол бөх хоёр түүхэн салшгүй холбоотой. Монгол үндэсний бөх нь цэрэг эрсийн бяр хүчээ сорих, тулалдан тэмцэх, тэсвэр хатуужилтай болгох, саад бэрхшээлийг давахад сургаж бэлтгэдэг үндсэн сургуулилтын нэг хэлбэр байсаар ирсэн.
Өнөөдөр энэхүү барилдаанд зодоглох эрэмгий дайчин бөхчүүддээ уран мэхийг уралдуулан, үзэгч олноо баясган наадахыг хүсэн ерөөе" хэмээв.
Эх сурвалж: "Соёмбо" сонин