Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхэлнэ.
Тус тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 20 орны шигшээ баг өрсөлдөх юм. Монголын эрэгтэйчүүд чансаагаараа Азид хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаар жагсаж буй. Тэгвэл энэ удаагийн Азийн аварга оролцох бүрэлдэхүүнийг 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Стив Сер урьдчилсан байдлаар сонгожээ.
Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан. Тэд Францын олимпын шигшээ багтай долоо хоног хамтарсан бэлтгэл хийсэн юм. Харин эрэгтэйчүүдийн шигшээгийн бүрэлдэхүүнд “Хасын хүлэгүүд”-ийн А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтжээ.
Шигшээгийн дөрөв дэх тоглогчийг одоогоор зарлаагүй байна.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Тайландын багтай таарсан. Харин БНСУ, Индонези, Шри Ланка, Хойд Марианы арал зэрэг улсуудын аль хожсон нь “В” хэсэгт орно. Тэгвэл эмэгтэй шигшээ баг “С” хэсэгт Малайзтай таарсан бол Энэтхэг, Индонези, Хонконг, Хятад, Хойд Марианы аралын багийн хожсон нь нэмэгдэх юм.
Монголын 3х3-ын шигшээ багийнхан өнгөрсөн жил тивийн аваргад түрүүлсэн.