Цаг үеийн мэдээ

Улсын заан Б.Серикээс тодрууллаа.

-Хэсэг хугацаанд барилдалгүй байж байгаад дэвжээндээ эргэн гарлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сард Ёсзүйн хорооноос барилдах эрхийг минь жилээр хасаад барилдаагүй. Өнөөдөр Науризын баяраар буцаад зодоглож байна. Маш их баяртай байна. 

-Хэдэн сар зодоглоогүй байж байгаад барилдахаар юу мэдрэгдэж байна вэ?

-Одоо хүртэл догдолж байна. Сая жагсаж байхдаа доглоод, зогсож чаддаггүй. Гурван сар орчим Бөхийн өргөөнд ирэхээр өөрөө барилдаж байгаа юм шиг л догдолж байсан. Өчигдөр Ёсзүйн хороо хуралдсан. Би хуралд ороод, алдаагаа ухаарч байгаагаа илэрхийлж, миний асуудлыг эргээд хараад өгөөч гэж хүссэн. Энэ хугацаанд хөлийн цэц хийсэн. Үүнийг маань Үндэсний бөхийн холбооны ёсзүйн хороо харж үзээд, Науризын баярын барилдаанд барилдахыг зөвшөөрсөн. Үүнд би маш их баяртай байна. Дахиж алдаа гаргахгүй. Мөн хойч үеийн дүү нар болон барилдаж буй бөхчүүддээ том сануулга болоод, энэ бүхнийг минь харж үзээд барилдуулж байгаад баяртай байна. Казакын ард түмэндээ, нийт монголынхоо ард түмэндээ намайг дэмждэгт баярлалаа. Ард түмнийхээ хүчинд л өнөөдөр ингээд зогсож байна даа. Баяртай байна. Баярлалаа. 

-Таныг гарч ирэхэд хүмүүс уухайлан дэмжиж байсан?

-Одоо хүртэл чичрээд байна. Нэлээд хүлээж байсан. Бөх гэдэг чинь залуу насны спорт. Бүтэн жил эрхээ хасуулна гэдэгтээ маш их харамсаж байсан. Үүнийг маань Үндэсний бөхийн холбоо харж үзээд, алдаагаа ухаарсан байна гээд харж үзсэнд маш их баярлалаа л гэж хэлье. 

-Та Науризын баяраа яаж тэмдэглэх вэ?

-Гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр Науризын баяр маань болдог. Урин дулаан эхлэх үеэр Науризын баяр маань болдог. Өнөөдөр бөх эхэлж байна. Бөхийнхөө барилдаанд намайг дэмждэг хүмүүсийнхээ урмыг хугалахгүйг хичээж барилдана даа. Догдлоод л байна. Гялс л барилдмаар санагдаж байна даа. 

Баярлалаа. Нийт казакын ард түмэндээ, дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа Науризын баярын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай. Бас уучлаарай. Дахин алдаа гаргахгүй ээ. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа