Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЗХ-ний 014-р анги , ULE ХХК, Бор -Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.
Тус барилдааны үеэр Монгол улсын начин Б.Пүрэвдоржийн ар гэр, үр хүүхдүүдэд Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээ, Батсүмбэр сумын ЗДТГ, ИТХ, Нутгийн зөвлөл, Батсүмбэр сумын Хүй мандлын хүчтэн ҮБХ болон ах дүү, төрөл төрөгсдийнх нь зүгээс мөн начны хүү, аймгийн харцага П.Баасанбямбад нэгэн үеийн дотнын найзууд болох улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр нар хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч "Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан, 24-ний 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.