Цаг үеийн мэдээ

"Basketball Champions League Asia" буюу Азийн Аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдээд байна. Урьдчилсан шатанд өрсөлдөх 8 багийн танилцуулгыг хүргэе.

"A" ХЭСЭГ

БИШРЭЛТ МЕТАЛЛ

Хоёр жил дараалан финалд шалгарч үлдсэн Бишрэлт Металл баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улиралд аваргын цом өргөхөд ганцхан алхам дутсан юм. Металл багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн хэд хэдэн тоглогч байгаа буюу Монгол Улсын шигшээ багийн түүхэнд "FIBA Asian Cup" тэмцээний урьдчилсан шатны анхны оноог авсан тоглогч Т.Ууганбаярыг онцлох нь зүйтэй болов уу.

Hong Kong Eastern Basketball Team

Зүүн Азийн улсууд бол сагсан бөмбөгийн спортод маш их ач холбогдол өгдөг. Hong Kong Eastern Basketball  багийн хувьд 2016 онд Хонконг улсын анхны мэргэжлийн сагсан бөмбөгийн баг болж байсан юм. Тус баг "ASEAN" сагсан бөмбөгийн лигийн цомыг хоёр ч удаа өргөсөн түүхтэй. 

"Hong Kong Eastern" баг энэ улиралд Аваргаа хамгаалагч "Tycoon" багийг цувралд 3-1 харьцаатай хожиж, "Hong Kong A1 Division" Лигийн аваргын цомыг өргөсөн байна.

Онцлох тоглогчид гэвэл багийн ахлагч Chan Siu Wing болон Канад төвийн тоглогч Chris McLaughlin, довтлогч одоо 28 настай Dom Gilbert нар.

NS Matrix Deers

NS Matrix Deers баг 2015 онд байгуулагдсан ч маш хурдан хугацаанд Малайз улсын шилдэг багуудын нэг болж чадсан. Үндэсний шигшээ багийн шилдэг тоглогчдоо элсүүлж чадсан тус багийн хувьд хоёр жил дараалан Малайзийн Сагсан Бөмбөгийн Дээд Лигийн аварга болоод байгаа билээ. Энэ улиралд хүчирхэг "Johor Southern Tigers" багийг финалын цувралд 2-0 харьцаатай хожсон байна.

Багийн бүрэлдэхүүнд Малайзийн шигшээ багийн од, Дээд Лигийн MVP тоглогч Ting  Chun Hong бий. Мөн Малайзийн лигийн аваргууд "Penang Sunrise" багаас залуу од Jordan Tolbert гэх тоглогчийг элсүүлжээ. Тэрээр өнгөрсөн улиралд 22.4 оноо, 14.7 самбар дунджилсан буюу Азийн Аваргуудын лигт Бугануудад том хүч нэмэх буй.

Prawira Harum Bandung

Энэ улирал уг багийн хувьд маш онцгой байжээ. Учир юу вэ гэвэл "Prawira Harum Bandung" баг түүхэндээ анх удаа Индонезийн Дээд Лигийн аваргын цомыг өргөсөн байна.

Тус багийн бүрэлдэхүүнд ердөө хоёр жилийн өмнө нь улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан, өдгөө шигшээ багийн тоглогч Yudha Saputera бий. Мөн легионер тоглогч, Доминиканы шигшээ багийн тамирчин Brandone Francis-ийг онцолж байна.

Prawira Harum Bandung багийг сүүлийн гурван улирал дараалан Индонезийн Дээд Лигийн шилдэг дасгалжуулагч шагналыг хүртсэн  David Singleton удирдаж байгаа юм.

"B" ХЭСЭГ

Adroit Club

Adroit багийн хувьд олон жилийн турш багийн цөмөө шигшээ багийн тулгуур болсон гол тоглогчид болон авъяаслаг залуу тоглогчдоор бүрдүүлж, Сингапурын лигт ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн баг. Тус баг Сингапурын Сагсан Бөмбөгийн Дээд лигийн энэ улирлын финалд "Eng Tat Hornets" маш сонирхолтой тоглолтыг үзүүлсээр аваргын цом өргөжээ. Сингапур улсын Дээд лигийн улирлын болон финалын MVP тоглогч Leon Kwek, Adroit багийг манлайлж "BCL"-ийн урьдчилсан шатны тэмцээнд ирнэ.

Hi-Tech Basketball Club

Тус багийн дотоодын лигүүдийн тэмцээн болон бүс нутгийн лигүүдийн тэмцээнд олон удаа түрүүлсэн түүхт онцгой баг юм. Энэ улиралд Тайландын лигтээ тасархай амжилтыг үзүүлж, аваргын цом өргөснөөр "BCL Asia" лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авч чадсан. 

Багийн бүрэлдэхүүнд аль хэдийн шигшээ багийн нүүр царай болсон Chanatip Jakrawan, Nattakarn Muangboon гэх тоглогчид бий. Гэхдээ тэд "BCL Asia" урьдчилсан шатны тэмцээний бүрэлдэхүүндээ хүч нэмэхээр Frederick Lish болон Moses Morgan гэх шилдэг тоглогчдыг нэмжээ.

Pelita Jaya Basketball

Тус багийн хувьд энэ улиралд Индонезийн Дээд Лигийн финалд харамсалтайгаар хожигдсон. 

"Pelita Jaya" баг цаасан дээр Индонезийн лигийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг. Багийн бүрэлдэхүүнд Andakara Prastawa Dhyaksa, Muhamad Arighi, Muhammad Reza Fahdani Guntara болон  Brandon Jawato гээд шилдгүүд бий. Мөн АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу NBA-д өмнө нь тоглож байсан тоглогчид болох Thomas Robinson, KJ McDaniels нар байгааг дурдах нь зүйтэй болов уу.

"BCL" лигийн урьдчилсан шатны тэмцээний бүрэлдэхүүндээ Филиппиний шигшээ багийн од Justin Brownlee болон NBA-д тоглож байсан туршлагатай тоглогч Jaquori McLaughlin нарыг элсүүлжээ.

Ulaanbaatar Xac Broncos

Хасын Хүлэгүүд баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн олон жилийн түүхт,  нэр хүндтэй багуудын нэг. Хасын Хүлэгүүд баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын финалын цувралд Бишрэлт Металл багийг 4-1 харьцаатай хожиж, аваргын цом өргөжээ. Тэд гайхалтай тоглолтуудаа "BCl Asia" лигийн урьдчилсан шатанд үргэлжлүүлэхийг эрмэлзэх нь тодорхой. 

Тус багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн ахлагч Б.Билгүүн, улирлын шилдэг шинэ тоглогч А.Азбаяр нар бий.