Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн Анталиягийн цувралаар үргэлжилнэ.

Парисын олимпын эрхийн оноо олгох энэхүү чухал тэмцээн Туркийн Анталия хотод хоёр хоногийн дараа эхлэх бөгөөд 94 орны 661 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.

Харин манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 жүдоч зодоглохоор Анталияд газардав. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Э.Буянцагаан, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул зодоглох юм.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д хамгийн олон буюу 64 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн ангиллын долоон жингээс 48 кг-д 47 жүдоч барилдахаар мэдүүлэг өгсөн нь хамгийн олон болж байна. 

Таны сурталчилгаа