Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтаа “Говь ресорт” баазад хангаж байна.
Баг тамирчдын бэлтгэлийн явц, нөхцөл байдалтай МЧБХ-ны Ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд Ерөнхийлөгч П.Гансүх нарын удирдлагууд биечлэн танилцлаа.
Манай баг тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн, хүнд гэмтэж бэртсэн тамирчин байхгүй, төлөвлөсөн ажлууд хэвийн үргэлжилж байна.
Парис-2024 зуны XXXIII олимпын наадам эхлэхэд 113 хоног үлдэж, эрхийн тэмцээнүүд хаяанд ирсэн энэ үед сахилга батыг нэн тэргүүнд тавих ёстойг холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар онцолсон.
Мөн уулзалтаар МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр баг тамирчдад амин дэмийн хангалт өгчээ.
Допингийн шинжилгээнд хамрагддаг спортын төрлийнхний дунд дэлхий дахинаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг 280 хориотой бодисын шинжилгээнд хамрагдаж, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан “THRONE” брэндийн иж бүрдэл гардуулсан юм.
Баг тамирчдын эхний ээлж ирэх амралтын өдрүүдээр Бишкек хотноо 4-р сарын 11-нээс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах ААШТ-ийг зорино.
Тус тэмцээнд МЧБХ-ны сонгон шалгаруулах журам ((https://www.facebook.com/MongolianWrestlingFederation/posts/pfbid0EBUdru3j7hF8sScRKwQ7d7abBo7SUGUp1CwsF7yjfdwM7nDLLt2RMUgydMxWRcx5l) –д заасны дагуу УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчид оролцоно.
Харин жин жингийн Улсын аваргууд Бишкек хотноо 4-р сарын 16-наас 19 өдрүүдэд зохион байгуулагдах Азийн олимпын эрх олгох тэмцээнд хүч үзнэ.
Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Ням-Очир, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б. Баяраа, ОУХМ Л.Энхбаяр, ОУХМ Б.Батзориг нар ажиллаж байна.