Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, "Өлгийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, “Гэрэгэ Системс” ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэбаярын Алтанбаяр үзүүрлэв. 

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “НДП Констракшн” ХХК, "Өлгийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Береке, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бүрэн Минж Транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Дармаажанцан нар шалгарлаа. 

Наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Ч.Алтангэрэл Х.Очирхуяг нар үлдэв. 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан аймгийн арслан Р.Дамдинд МҮБХ болон ахан дүүс, “Шонхор” дээд сургуулийн шавь нар, хамт олон, үе тэнгийн бөхчүүд, нутгийн зон олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж байлаа. 

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-ны Бямба гарагийн 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ард олонд "Атар"-ын хэмээн нэршсэн Монгол Улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Таны сурталчилгаа