Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн барилдаан эхэллээ. 

Эхний барилдаан Архангай-Төв аймгуудын хооронд өрнөж, Архангай аймгийн баг 18:07-аар илт давуу ялалт байгуулснаар шөвгийн 4 багт шалгарч үлдэв.

Архангай аймгийн баг улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Д.Ням-Очир /4/, цэргийн заан Ө.Батсуурь /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /0/, аймгийн арслан Л.Даваажамц /2/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, аймгийн арслан Л.Энхтүвшин /0/ нийт 7 даваа авлаа. Төв аймгийн баг сэлгээгүй барилдав. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажилласан юм. 

Ялсан Архангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20.000.000 төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг 5.000.000 төгрөгийн шагналаа гардлаа.

Маргааш орой 19:45 цагаас Өвөрхангай-Өмнөговь аймгууд учраа тааран барилдана. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа