Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулан бэхжүүлэх чиглэлээр Люксембургийн Их Гүнт улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа.
Энэ хүрээнд Люксембургийн профессорын насанд хүрэгч болон хүүхдийн зүрхний мэс засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хараахан бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдлуудад тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран энэ сарын 14-19-ний өдрүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Эмч нарын хамтарсан баг нарийвчилсан үзлэг оношилгоо, мэс заслын заалттай 20 эмчлүүлэгчид зөвлөгөө өгснөөс гадна 7 том хүн, 3 хүүхдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь ховдол хоорондын таславчийн цоорхой, уушгины артерийн даралт ихсэлт хавсарсан хүнд хэлбэрийн хүүхдийн зүрхний хөх гажиг, насанд хүрэгчийн титэм судасны хүнд хэлбэрийн шохойжилт нарийсалт, гурван хавтаст хавхалгыг нарийсал митрал хавхалганы нарийсалтай хавсарсан хавхалганы гажиг, гол судасны өгсөх хэсэг болон нумын цүлхэн, хүнд хэлбэрийн шохойжилт бүхий зүрхний ховдлын агшилт буурсан конструктив перикардит зэрэг зүрхний мэс заслын өндөр ур чадвар, туршлага шаардсан зүрхний олдмол гажгийн төвөгтэй, хараахан бие даан хийх боломжгүй тохиолдлууд юм.
Түүнчлэн Зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ЭКМО ашиглах талаарх онол дадлага, хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.
Дашрамд дурдахад УГТЭ-т Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН007 төсөл амжилттай хэрэгжиж байна.