Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.
Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.
-мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
-уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
-зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
-иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
-ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.
Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг аудитын байгууллага наймдугаар сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.