Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд 2024.08.08-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шалгаж, заавар, зөвлөмж өгч,  нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл:

2024 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 02:00 цагаас 08-р сарын 10-ны өдрийн 03:00 цаг хүртэл 2-3мм хур тунадас буюу бага зэрэг усархаг бороо орох урьдчилсан төлөвтэй байна.

Гол усны түвшин мэдээлэл: Туул-Улаанбаатар голын усны түвшин 216 см үерийн түвшинд, Тэрэлж-Тэрэлж голын усны түвшин 182 см хэвийн түвшинд, Сэлбэ-Санзай голын усны түвшин 261 см хэвийн түвшинд, Сэлбэ-Дамбадаржаа голын усны түвшин 96 см хэвийн түвшин, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд байгаа бөгөөд голуудын түвшин огцом нэмэгдэх хандлагатай байна.

Иймд НОК-ын Шуурхай штабаас дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/656 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 7 маршрутаар өдөр бүр НОБГ-аас 49 алба хаагч, 7 автомашин, 4 завьтай, НЦУГ-3, ГБХХТ-1 алба хаагч гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.

2. Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюулд өртөх эрсдэлтэй 331 айл өрхийн 1191 иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж, 18 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас өгч, Туул гол дагуу амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгж, байгууллагуудад иргэдийг эрсдэлд оруулахгүй байлгах зорилгоор үйл ажиллагааг нөхцөл байдлыг үнэлж түр зогсоох талаар гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

3. Мөн үерийн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссоос хайрга, дайрга, шуудайлсан элс, ус ихээр тогтдог газруудад усны насос байршуулж  байдлыг ханган ажиллаж байна.

Таны сурталчилгаа