Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймгийн төв Хэрлэн суманд орсон аадар борооны улмаас Хэрлэн голын ай сав газар дагуу суурьшсан Хэрлэн сумын 2-р баг, Хэрлэн хороолол (хуучнаар улаан үнээний ферм)-ын 30 гаруй айл, өрхүүд үерийн усанд автсан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг нөхцөл байдлыг газар дээр нь судалж, танилцан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын хуралдаанд танилцуулж, шуурхай штабаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Үерийн усанд автсан айл өрхүүдийн Нүхэн жорлон хальж орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумын ЗДТГ, Зүүн бүсийн төв аймгийн ОБГ, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас хүн хүч, техник хэрэгсэл гарган булах ажлыг зохион байгуулахыг;
2. Дээрх айл өрхүүдийн Нүхэн жорлонг булах ажилд оролцож байгаа ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын хувцас, хэрэгслээр хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газарт;
3. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул айл, өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллахыг Хэрлэн сумын ЗДТГ, Зүүн бүсийн төв аймгийн ОБГ, үерийн аюултай бүсээс нүүх хүсэлтэй байгаа 5 айл, өрхүүдэд 2 сарын хугацаанд түр байрлах байр бэлтгэхийг аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Хэрлэн сумын ЗДТГ-т;
4. Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байгаа тул Хэрлэн сумын урд төв автозам дагуу шинээр хучилт хийсэн зам болон уулзварууд, хуулсан хэсэгт тогтсон усыг нэн түрүүнд шавхах, соруулах ажлыг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ, Хэрлэн сумын ЗДТГ-т;
5. Дорнод Политехникийн коллежийн багш нарын байрны төв зам руу орох уулзвар орчим болон оронэ сууцны 21-р байрны урд тал, Гаалийн байгууллагын ар талд тогтсон усыг шавхах, соруулах ажлыг хийж гүйцэтгэхийг “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-т тус тус даалгалаа.