Цаг үеийн мэдээ

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг сөрөг үр дагавартай байдаг.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн бүсэд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаад хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг хийсэн бөгөөд энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүй эрсдэлтэй юм. 

Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-г дараах байдлаар тооцохоор журамлаж өгсөн. Энэ төрлийн зөвшөөрөл Дархан цаазат газарт бол олгогддоггүй. 

Энэ үнэлгээгээр ХУШ МОДНЫ 1 кг цайруулсан самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг, нойтон самрын үнэлгээ 98.900 төгрөг байдаг бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг 5 ДАХИН нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байдаг. 

Энэ нь нойтон самрын хувьд 1кг тутамд 494.500, хуурай самрын хувьд 883.000 төгрөг бөгөөд дунджаар 2 шуудай цайруулсан буюу 100кг самар хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 49.4-88.3 сая төгрөгийн байгалийн ургамлын санд учирсан экологи–эдийн засгийн үнэлгээний хохирлыг нөхөн төлөхөөр байна. 

Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар түргэн хугацаанд мөнгө олох зорилгоор холбогдох хууль, дүрэм журмыг зөрчин байгаль экологид хохирол учруулахын зэрэгцээ амь нас эрүүл мэндээрээ хохирох, төөрөх, архидан согтуурч танхай, дээрэм, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 200 тохиолдол өмнө жилүүдэд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан.

Таны сурталчилгаа