"Парис-2024" Олимп, Паралимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. "Парис-2024" олимпын наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Түүний сэтгэгдлийг хүргэе.
-Гавьяат хэмээх цол хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. Энэ цолоо хамгаалахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно оо.
-Төрийн тэргүүн шагнал гардуулах үеэрээ юу гэж хэлэв?
-Удахгүй баатар болоорой гэсэн. Хэлсэн үг нь удахгүй биелэх байх аа.
-Монголчууд таныг уухайлан дэмжиж, Парисын тэнгэр Монгол Улсын далбаа мандах тэр агшинд танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Бахархах мэдрэмж төрсөн. Өмнө нь Дэлхийн аваргад түрүүлээд Төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах мэдрэмж үнэхээр сайхан байдаг гэдгийг мэдэрсэн байсан. Би төрийн далбаагаа мандуулж чадсан ч төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй. Бусад тамирчид маань эгшиглүүлээсэй гэж хүссэн. Түүнийг минь ч биелүүлж паралимпын таеквондогоос алтан медаль авсан. Тэр үед үнэхээр гоё огшсон.
-Таны дараагийн зорилт юу байгаа вэ?
-Дараагийн зорих зүйл мэдээж 2028 оны олимп. Амжилтаа ахиулж улам бататгах болно оо гэж хэлье.
-Нутаг ус, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?
-Гэр бүл, нутгийнхан, жүдо бөхийн тамирчид маань бүгд онгоцны буудал дээр хүлээж авсан.
-Тэр үед өөрөөрөө бахархсан уу?
-Тийм олон хүн ирнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй. Өмнө нь тийм их хүн тосож байгаагүй болохоор маш гоё байсан.