Дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний нөлөөллөөр бий болсон урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан “Art of the Mongol World” үзэсгэлэнг ИБУИНХУ-ын Эзэн хааны Урлагийн академид зохион байгуулахаар боллоо.
Өнгөрсөн оны 11-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин ИБУИНХУ-ын Лондон хотноо Эзэн хааны Урлагийн академийн удирдлагуудтай байгуулсан хамтарсан санамж бичгийг үндэслэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус академитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.
ИБУИНХУ-ын Лондон хотын Эзэн хааны Урлагийн академийг төлөөлж тус академийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Майкл Элдрэд, Монгол Улсыг төлөөлж ЗГХА, Соёл, Урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, бусад албаны төлөөллүүд байлцав.
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 1.2 сая жуулчин зорин очдог, Британийн урлагийн ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогч 250 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулж ирсэн Эзэн хааны Урлагийн академид 3 сарын турш Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахаа өнөөдөр ийнхүү албажууллаа.
Хамтран зохион байгуулах энэхүү үзэсгэлэн нь Франц Улсад дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн удаад тооцогдох, Монгол Улсыг урлагаар дамжуулан олон улсад эергээр сурталчлах томоохон арга хэмжээнүүдийн нэг болно.