Тэжээллэг, аюулгүй хүнсийг тогтмол, тохируулан зөв хэрэглэснээр хоол, хүнснээс үүдэлтэй өвчин, эмгэгээс сэргийлнэ.
Өөх тосыг тохируулан хэрэглэх
- Хоногт хоол хүнсээр авч буй нийт өөх тосны 40 хувь нь ургамлын, 60 хувь нь амьтны гаралтай байх нь хамгийн тохиромжтой.
- Ханасан тосыг /махны өөх тос, тахиа, шувууны махны хальсан доорх өөх, дал модны тос гэх мэт/ бага хэрэглэж ургамлын гаралтай ханаагүй тосыг зохистой хэрэглэх /чидун жимс, шар буурцаг, наранцэцэгийн тос болон эрдэнэ шишийн тос гэх мэт/
- Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг / маргарин, түүний орцтой төрөл бүрийн гурилан болон амтлаг бүтээгдэхүүн/ хэрэглэхээс татгалзах
- Хэт их боловсруулсан, шарж хуурсан мах, махан бүтээгдэхүүн, түргэн хоолыг хэрэглэхгүй байх.
Яагаад
Өөх тос нь бие махбодод илч дулааны эх үүсвэр болдгоос гадна эд, эсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ба тосонд уусдаг А, Д, Е, К аминдэмийг нөөцлөхөд чухал үүргэтэй.
Хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхдээ шошгоо сайтар уншиж, зөв сонголт хийх хэрэгтэй. Наранцэцэгийн тос, эрдэнэ шишийн тос, чидун жимс, шар буурцаг гэх мэт ханаагүй тосыг халуун боловсруулалтад оруулахгүй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглах нь хавдар, зүрх судас, мэдрэл болон сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлдөг байна.