"Дидүүлээ мадин, дидүүлээ мадин" гэх дөнгөж хэлд орж буй хүүгийн уг застав даяар цуурайтна. Түүний цуурайтах хоолойд застав тэр чигээрээ команд авсан цэрэг шиг номхон болох нь тэр...
Машины дуу хаана хадаж байгааг, хаанаас ирж байгааг, хэдэн км-ийн цаанаас хаашаа явааг сонсож байгаа нь юм. Хүүгийн дуу цангинаснаас хойш хориод минутын дараа 3 жийп, нэг фургон машин Хилийн цэргийн ангид орж ирлээ. Манай машины жолооч Хилийн цэргийн 0286 дугаар ангийн жолооч ахлах ахлагч Б.Ганбат “Өдийд сургууль, цэцэрлэг амраад хүүхдүүд цуглачихсан. Хилийн анги хөл хөдөлгөөнтэй байгаа. Ай тэгээд л есдүгээр сарын 1 болоод хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ ороод явчихаар анги ил хуль болоод сэтгэл хоосроод л явчихдаг юм шүү дээ” гэсээр нэг их томоор санаа алдлаа.
Энэ бол Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дүгээр ангийн салбар 0294 дүгээр анги. Хил хайраар бүтдэг гэж хилчид ярих юм билээ. Уг үгний утгыг ухаж байгаагүй надад дөрвөн өдрийн энэхүү аялал хангалттай ойлгох учрыг таниулав. "Сэтгүүлчид Торгон хилд" аяны хүрээнд хориод сэтгүүлч, зураглаач нийлсэн баг Торгон хилийн зүг жолоо залсан нь энэ. Өмнөх өдөр нь бид Хилийн цэргийн 0284 дүгээр ангитай танилцсан юм. Гэхдээ энд өгүүлэх бяцхан түүх дөнгөж хэлд орж буй жаалынх болохоор түр хойш тавих нь зүй болов уу.
Хилийн цэргийн 0286 дүгээр ангийн салбар 0294 дүгээр анги өөрсдийн гэсэн цомхон анги хүрээтэй. Цэргийн ангийг тойроод алба хаагчдын оршин суух тав тухтай байр, цэцэрлэг, жижигхэн модон байшингууд бий. Түүнийг алба хаагчид бүгд өөрсдийн гараар босгожээ. Бяцхан түүхийн эзэн Можуухай хүү хоёр ой гаруйтай. Тэрбээр мэдээ орсон цагаасаа жижүүр гэж сонссоор хэлд орохдоо аав ээжээсээ түрүүлээд "Дидүүлээ" гэдэг үгийг сурчээ. Аав нь "Дидүүл" хийхээрээ хэд хоногоор ч хамаагүй хаашаа ч юм бэ яваад өгнө. Харин тэр хооронд хүү цэцэрлэгт албаа хаана. Ээж нь ангийн тогооч хийнэ. Аав, ээжийнхээ нэрийг ч мэдэхгүй хүү "дидүүл"-ийн нэрийг харин мэдэж магад.
Буйдхан энэхүү уулын аманд зун болохоор 20 гаруй хүүхдүүд цуглана. Хичээл сургууль амраад хилийн застав амь орно. Аав, ээж нь албаа хаах хойгуур цэцэрлэг хичээллэж нас зүс хамаагүй хүүхдүүд тэнд бужигнана. Бүгд нэг айлын хүүхдүүд шиг ижилдэн дасаж, нэг нэгнийдээ орж гарна. Гэр орны ажлаа миний, танайх гэлгүй бүгд хамт хийнэ. Сургуулийн насны хэд нь нийлж хичээлээ давтана. Өөрсдөдөө зориулан хийсэн волейболын талбай, сагсны шийдээс өдөржин салахгүй. Хотын хүүхдүүдээс тэс өөр хүмүүжил энд тэдний суурийг бат цутгана. Можуухайгийн насныхан ганц л үгийг маш тод хэлэх нь "Дидүүл". Тэд ч тоглосон ч, юу ч хийсэн "Дидүүлээ" гэх үг амнаас нь байнга гарах аж.
Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 дүгээр салбарын Бялзуухай цэцэрлэгийн багш П.Ариунаатай ярилцлаа.
-Хилийн заставт хэрхэн амьдрах болов. Яагаад хилийн амьдралыг сонгосон юм бэ?
-Миний хань Хилийн цэргийн 0286 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Н.Энхжаргал гэж хүн бий. Ханьтайгаа сумын бүжгэнд оролцож яваад танилцсан юм. 2003 онд том хүү минь төрсөн. 2004 онд Дөрөвдүгээр хилийн заставт анх очиж байсан. Тэндээс бидний хилийн амьдрал эхэлсэн юм байна. нэг авдар, хүүхдийн тэрэг, гурван аяга, тогоо шанагатайгаа л гурвуулаа эхлүүлж байсан амьдрал минь зургаан жилийн дараа Дөрөвдүгээр хилийн заставаас Хоёрдугаар хилийн застав руу тушаал томилогдоод явахад манайх ЗИЛ 131 машинд багтахгүй болчихсон байж билээ. Хүний амьдрал маш хурдан дээшилж дэвшдэг юм байна лээ. Ханийн минь аав Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хил хамгаалах байгууллагад ажилладаг байсан. Ээж нь мөн л офицер хүн. Тэгээд л хилийн амьдралыг сонгосон байх. Би тэгээд л ханийгаа түшсэн байх. Мэргэжил удамшдаг гэдэг. Одоо манай хүү Хилийн цэргийн 0284 дүгээр ангийн хөгжмийн салаанд хөгжимчнөөр орчихсон ажиллаж байна.
-Хилийн амьдрал ямар байдгийг та товчхон тайлбарлаж өгөөч?
-Хилчин хүн гэртээ орж ирэх нь ховор. Манай хүн 12 жил жагсаалын дарга хийсэн. Ер нь л ажил ихтэй. Би хоёр ихрээ төрүүлчхээд сар болгон вакцинд нь хамруулахын тулд ганцаараа л явна. Ер нь хүний хань ажил мэргэжлийг нь ойлгодог байж байж л Хилийн цэрэг оршин тогтнох суурь баталгаа нь бид болдог. Бид л ар гэрээ асуудалгүй авч явж байвал хань ижил минь ажлаа асуудалгүй хийнэ. Хилийн заставын амьдрал сайхан шүү.
-Хилийн цэргийн ангийн цэцэрлэгт багшлах ямар вэ?
-Бид анх хилийн цэргийн ангид ирэхэд том хүү минь жаахаан байлаа. Манайх төмөр ортой. Хүү минь цонхоороо хараад л орон дээрээ байж байдаг. Заримдаа орж ирэхэд унтчихсан байна. одоо бол хилийн цэргийн ангидаа цэцэрлэгтэй болчихсон. Аав ээж нь үр хүүхдэдээ ямар ч санаа зовох айдасгүйгээр ажлаа амар тайван хийх боломжтой болсон. Заримдаа ажил ихтэй харуул хамгаалалтад явсан, шалгалт шүүлэгтэй үед заавал ажлын таван өдөр гэхгүй хагас, бүтэн сайн өдөр ч ажиллана. Хамгийн сайхан нь дараа нь та хэд биднийг ажил ихтэй байхад их ажилласан. Түүнийгээ нөхөөд амар гээд ээлжлээд амарна. Хилийнхэн бие биенээ ингэж түшиж тулж, хилээ хамгаалдаг даа. Одоо хорин жил ажилласан тэтгэвэртээ гарна гэхээр ер төсөөлөгдөхгүй байгаа. эндээс явна гэхээр л яана аа гэж бодогддог. Хилийн цэргийн анги маш залуужсан. Намайг эндээс хот руу явах ажилтай үед манай ангийн охид “ээж ээ хэзээ ирэх вэ” гээд л утасдана. Намайг ирэхээр бүгдээрээ гүйгээд ороод ирнэ. Зарим нь орж ирэхгүй байхаар нь асуухад нөхрүүд нь гүйгээд ороод ирнэ. Намайг ирэхэд хоол хийчихсэн, цай чаначихсан хүлээгээд сууж байна. ингэж л ижилдэн дасжээ. Би манай хүн хилийн цэргийнх, би зургаан хүүхэдтэй, цэцэрлэгийн багш гэж хэлэх дуртай. Түүгээрээ л бахархдаг даа.
Можуухайгийн цэцэрлэгийн багш ийн ярив. Хилчдийн амьдралд үе дамжин яригддаг, үеийн үед байсаар, бүр дотно яриа болон үлдсэн нэг зүйл бий. Хилчний гэргий болоод анх удаа хилд амьдрахаар ирсэн залуу бүсгүй “Би энэ ертөнцийн захад чинь амьдарч чадахгүй нь” гээд чемодантай хувцсаа аваад гараад явдаг аж. Гэсэн хэдий ч хайр сэтгэлдээ уягдсан бүсгүйчүүд хил дээр үлдэж, бүхий л амьдралаа тэнд үднэ. Эх орондоо зориулна. Ийм л учраас хил хайраас бүтнэ гэж хилчид ярьдаг нь аргагүй мэт.
Бид Можуухын гэр бүлтэй танилцаад цааш Хилийн цэргийн 0284 дүгээр ангийн дараагийн салбар руу хөдөллөө. Зах хязгаар нь харагдахгүй нов ногоон торго шиг талд өвс хадаж энд тэндгүй овоолсон нь хээ хуар урласан дээлийн торго шиг өнгө нэмнэ. Хилийн ангийнхнаас лавлахад Булган аймгийн Тэшиг суманд буриад зон олонтой. Тэд ажилсаг нь дэндсэн хүмүүс ажээ. Тэр том талыг тэр чигээр нь хураагаад тавих ажилсаг гэдгийг нүдээрээ харж, сэтгэлдээ бахдан явлаа. Уул болгоны амнаас ус гол урсаастай. Өргөн голыг туучин, өтгөн ойг зүссээр дараагийн салбар анги руу очихдоо хэдэн голыг туулав тоогоо бараг алдсан юм даг. Уул өөд өгсөх тусам хоёр талаараа шигүү ой бүчнэ. Миний эх орон ийм сайхан гэж үү гэх бахархам сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Ямар баян нутагт төрөө вэ бид...
Цэргийн ангийн машины чадал тэнхээ их юм. Түүнийг барьж буй жолоочийн ур чадвар арвин юм. Замдаа чимээгүй явахгүй нь мэдээж хилийн ангийн сонин хачныг дуулж, гайхан биширч, шогшрон магтсаар л явлаа. Манай машины жолооч Хилийн цэргийн 0286 дугаар ангийн жолооч ахлах ахлагч Б.Ганбат “Хилийн цэргийн анги салбарт гаднаас зочид ирэх их сайхан байдаг юм. Бид чинь ихэнх нь манаандаа гараад явчихна. Үлдсэн хэд нь бие биеийнхээ царайг харсаар байгаад өөр хүнтэй уулзаж ярилцмаар санагдана. Заримдаа ч хилийн амьдрал гунигтай, гэхдээ ихэнхдээ хайр буцалж байдаг газар л даа. Хилийн ангид нэг бичигдээгүй дүрэм байдаг юм. Бидний очих ангийн захирагч ахлах дэслэгч цолтой. Очоод анзаараад үзээрэй. Бидэнтэй цуг очих хурандаа нар ангийн даргын доод талд сууна. Хоол унд идвэл тогоочид нь ангийнхаа захирагчид дээжээ өгнө. Дараа нь том цолтой хүнээс эхлэн хоолоо аягалж өгдөг. Энэ бол ганцхан Хилийн цэргийн ангид л үйлчилдэг дүрэм. Өөр хаана ч ингэдэггүй. Нэг онигоо шиг яриа байдаг юм. Ерөнхийлөгч хилийн ангид ирээд дээд талд нь суухад ангийн захирагч орж ирээд “Та байрандаа суу. Би суудалдаа сууя” гэсэн юм гэдэг. Ийм л тогтсон дүрэмтэй газар шүү дээ” хэмээв. Ингээд бид уул хангайн түүх, ус голын домгийг сонссоор цааш явлаа.
Үргэлжлэл бий...
С.ОТГОНБАЯР